Э.Бат-Үүл баатарт дайх үг-3

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл баатарт дайх үг-3

Нийслэлийн зам огт түгжрэлгүй гэх нь хаашаа юм, түгжрэл багатай гурав хонолоо. Замын ачааллыг бууруулахаар авах зарим арга хэмжээнүүдийг зарласны дараа, тухайлбал төрийн албаныхныг автобусаар ажилдаа явахыг уриалж /гэхдээ аминыхаа машинаар явахыг нь ч бас хориглоогүй/, автомашины дугаарлалтаар долоо хоногийн нэг өдөрт хөдөлгөөнд оролцохыг хориглосон зэрэг нь “иргэдийнхээ эрхэнд халдсан” зүйл хэмээн шүүмжлэл дагуулаад байсан ч хэрэгжээд эхэлсний дараа харин хэн хүнгүй “түгжрэл багаслаа” хэмээн олзуурхаж байна. Нийтийн тээврийн автобусууд нэгдүгээр эгнээгээр сүнгэнэж, өмнө нь хашааны буланд отож байгаад торгодог байсан замын цагдаа нар зам дээрээ зогсоод хөдөлгөөнөө зохицуулдаг болсонд нийслэлчүүдийн олонхи нь баярлаад байгаа. Үүнээс үүдээд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд иргэдийнхээ өмнөөс дахиад хэдэн үг даймаар байна. Эзэнгүй айл мэт болчихсон Улаанбаатар хотоо эзний гараар захирч өгөөч ээ гэж.

Өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн зам засварын ажилтай танилцжээ. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат болон Автозамын газрынхан нэгэн сонирхолтой мэдээллийг түүний чихэнд хүргэсэн байна. Тодруулбал, нийслэлийн зүүн дүүргийнхний хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Зүүн 4 замаас Ботаникийн цэцэрлэг хүртэлх 4,1 км замын засварын ажлыг хотын хуучин удирдлагууд “Ялгуусан” хэмээх компаниар гүйцэтгүүлэхээр тендерт шалгаруулжээ. 1996 оноос хойш зам засварын ажил хийж байгаа, үндэсний томоохон компани гэнэ. Тус компани энэ замын ажлыг он дамнуулан гүйцэтгэж, ирэх 2013 оны өдийд ашиглалтад өгөхөөр гэрээ хийсэн байна. Хавар эхлүүлсэн засварын ажил санхүүжилтгүй зогсч байгаад энэ сарын 10-даар буюу шинэ Засгийн газар томилогдсоны дараа санхүүжилтээ авч ажлаа эхлүүлсэн байна.

Ерөнхий сайд энэ үеэр “Үүнээс хойш ийм хэмжээний замын ажлыг нэг компанид өгч, он дамжуулж хийдгээ болих хэрэгтэй. Компаниудад хувааж өгөөд хийлгэ” гэдэг шаардлагыг тавьсан байна лээ. Харин эхэлчихээд байгаа засварын ажлынх нь байр байдлыг харахад компанийн ажилчид гэхээсээ илүү өдрийн тав, арван төгрөгөөр хөлслөгдөж газар шорооны ажил хийдэг бололтой энгийн хувцастай хэдэн хүүхэд залуус хүрз барьчихсан зогсч байх жишээтэй. Нөгөө их мундаг туршлагатай компани, техник хэрэгсэл нь хаана байгаа юм, бүү мэд. Нийслэлд одоо засвартай байгаа 19 км зам, барилгын ажлыг дуусгахад нийтдээ 130 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилтыг нь гаргаж байгаа гэсэн. Дундажлаад бодоход нэг км замын өртөг 6,8 тэрбум төгрөг болж байна. Харин энэ хэмжээний санхүүжилтийг авч байгаа замын компаниудын гаргаж байгаа техник хэрэгсэл, хүн хүч гэж элгийн юм байх аж. Гурван хүрз тойроод таван хар хүн тамхи татаж зогсохыг хараад уйлах ихдэж, инээх багадна. Харин энэ хооронд татвар төлөгчид алба, аминыхаа машиныг хэдэн удаа засварт өгч, хэдэн тонн бензинээ түгжээтэй зам дээр шатаасныг хэлэхэд бэрх. Ер нь энэ зам засварын ажил, ухаад хаясан нүх, овоолгоотой шорооноос болж автомашинд учирсан эвдрэлийг хотын төсвөөс нэхэмжлэх үү, зам засч байгаа компаниар нь төлүүлэх үү? Үүнд хариулт өгдөг газар, хариуцлага тооцох эзэн хэрэгтэй байна аа, Э.Бат-Үүл дарга аа.

Нийслэлээс өдөрт 1100 тонн гардаг гэнэ. Харамсалтай нь энэ хог өдөртөө хогийн цэг рүү ачигдчихдаггүй. Далан дагуу амьдарч байгаа гэр хорооллынхон хогоороо суваг шуудуу бөглөснөөс болж үерийн усанд айл амьтан, хүний амь үйх энүүхэнд. Хотын төвийн гудамжинд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ресторан, цайны газрууд, дэлгүүр хоршоо, эмнэлэг /Монголдоо л үйлчилгээ нь өртөг өндөртэйд ордог ”Ачтан” эмнэлгийн гадаах хог. сурв/, үйлчилгээний газрын үүдэнд ил задгай орхисон хогон дээр ялаа батгана шавж, хажууханд нь хүүхэд нохой хоёр тоглоод гүйж явдаг. Замаар нэг хөглөрч байгаа гялгар уут, ариун цэврийн цаас нэг салхи босоход нүүрэн дээр ирээд наалдах бол юу ч биш. Товчхондоо нийслэлийн нэг сая 300 мянган иргэний хаясан хогийг Хот тохижилтын 200-300 ажилчин хамж хашиж чадахаа больсон тул нийслэлд ажиллаж, амьдарч байгаа айл өрх, албан байгууллага бүрт хүлээх үүрэг, хариуцлага гэж зүйл хэрэгтэй болсон байна. Үүний тулд багахан хэмжээний захиргаадалт байсандаа ч яадаг юм. Айл болгон гаднах хогоо хамчихдаг, аж ахуйн нэгж, байгууллага болгон хашааныхаа гадаа хоггүй байх шаардлага тавьж, хог тарьсан, хаясан, хураасан болгонд торгууль төлбөр ноогдуулдаг бол нийслэлийн өнгө төрх ингэтлээ сааралтахгүй нь лав. Аз болж, гай болж өвөлдөө хасах 50 хэмд хүртэл хүйтэрдэг тулдаа хотынхон хогон дундаа амьдраад байна. Тиймгүй бол дундад зуунд европчуудын тал хувь нь тахлаар үхсэн шиг /бохир ус зайлуулах төвлөрсөн шугам сүлжээ бий болоогүй, өтгөн шингэн, хог хяагдлаа бүгдийг нь гудамжиндаа асгадаг байснаас тахалд нэрвэгдсэн тухай түүхийн сурвалжуудад гардаг даа/ Улаанбаатарчууд ганцхан зуны хугацаанд гэдэсний хижгээр талийж мэдэх л байв.

Өнгөрсөн хавар хотын удирдлагууд сонгуулийнхаа бэлтгэл ажилд хамаг ухаанаа тавиад анзаараагүйг эс тооцвол хаврын хаварт л бид “ногоон хот”-ын тухай мөрөөдөж, уулнаас баахан мод огтолж суулгадаг. Одоо эргээд харахад ургасан нь өдрийн од шиг. Эргээд л нөгөө шороо тоос, утаа тортогтоо дарагдсан хэвээрээ. Тэгэхээр хотоо ногооруулахын тулд дахиад айл болгонд хашаандаа мод суулгах, аж ахуй нэгж байгууллага болгон заавал цэцэрлэгчтэй болох шаардлага тавья. Шинээр баригдаж байгаа барилга байшин болгоны гадаа ногоон байгууламжийн эзлэх талбайг нь зааж өгч, 100 айлын орон сууцны гадна 200 м.кв-аас багагүй ногоон байгууламж, мод бут суулгасан байна, арчилгаа тордлогоог нь СӨХ хариуцна, 50-иас дээш ажилтантай байгууллага бүр нэг цэцэрлэгчтэй байна гэдэг ч юм уу. Тэгээд зөрчсөн албан байгууллага, айл өрх бүрт торгууль төлбөр тавьдаг, дэмжиж ажилласныг нь урамшуулдаг байж яагаад болохгүй гэж.

Ингэж гэмээнэ хотын соёл бий болж, хотжилтын стандарт гэдэг юм жинхэнэ утгаараа мөрдөгдөж, нийслэлийн иргэн бүр “би нийслэлийн иргэн” гэж хэлэх нүүртэй болох бус уу. Үүний төлөө багахан захиргаадалт байсандаа ч яадаг юм. Түүнээс биш хотын ажлыг зөвхөн хотын захиргааны хүчээр хийнэ гэвэл дахиад 100 жил болсон ч хот хогноосоо салахгүй…

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж