Утаа буураагүй харин хор нь буурсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Утаа буураагүй харин хор нь буурсан гэнэ

Өнгөрсөн онд бид утааг бууруулахын тулд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Утаа бага гаргадаг зуух, шахмал болон үртсэн, коксон түлшүүд, дулаан баригч, цахилгаан халаагуур гэх мэт зүйлсүүдэд энэ мөнгийг зарцуулсан. Энэ тэмцлийн үр дүн нь ямар байв гэж эрхэм уншигч та асууж байж болох. Тэгвэл таны асуултад парадокс хариулт байна. Учир юу гэвэл нүдэнд харагдаж байгаа утаа багасаагүй, харин нүднээс далд утааны хор багассан гэсэн хариулт. Дүүрэг болгоны сонгогдсон хороодод авч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бүгд дутуу дулимаг, алдаатай байсан болохоор ийм хариуг гаргаж байж болох юм.

Өнгөрсөн жил Баянгол дүүрэг даяар утаагүй түлш тараасан. Үүнд нийтдээ 33 мянган тонн утаагүй түлш тараах байснаас дөнгөж 11 мянган тонн түлшийг тараажээ. Хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэрийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа хоцорсон нь үүнд нөлөөлжээ. “Байгаа нөөц бололцоондоо түшиглэн эрвийх, дэрвийхээрээ ажилласан. Энэ ажлыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тасаг гарган ажиллуулж, долоон хороонд нийтдээ 52 гэрээт ажилтан ажиллуулсан. Нийтдээ 8651 айл хөнгөлөлтөд хамрагдах төлөвлөгөөтэй байсан ч 3661 айл л дулааны хөнгөлөлт эдэлсэн. Цаашдаа энэ хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд сайжруулах зүйл бий” гэж Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан ярьсан юм.

Яг үүнтэй адилхан зовлонг бүх дүүргийн Засаг дарга нар ярьж байсан юм. Баянзүрх болон Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүргүүдэд хамрагдах хороо нь бага байсан болохоор хэрэгжилтийн хувь нь 90 дээш үзүүлэлтийг зааж байгааг хэлж байлаа. “Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүргүүд хамрагдах  хүрээ бага учраас ажил гайгүй явж байна. Манай дүүргийн хувьд л гэхэд 13830 айлд шахмал түлш тараасан. Гэхдээ ажил цалгардаж байгаа асуудал бий. Тухайлбал, шахмал түлш нийлүүлэх компанийн хариуцлагагүй үйлдэл, Мянганы сорилын сангаас өгч байгаа зуухнуудыг удаан түгээсэн зэрэг асуудал бий. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь эдгээр дүүргүүдэд хийж, хэрэгжүүлэх зарим нэгэн эрх мэдлийг шилжүүлэхгүй бол бүгд дээрээ төвлөрөөд байхаар үр дүн бага байна” гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг ярив.

Ирэх өвөл бид зөвхөн утаагүй зуухтай л өвөлжинө. Учир нь дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэр энэ жилдээ 20 мянган тонн түлш нийлүүлэх гэрээтэй ч хараахан ашиглалтад орж амжихгүй гэж албаны хүмүүс хэлж байв. “Ирэх өвөлдөө энэ үйлдвэрийн үйл ажиллагааг хүлээгээд нэмэргүй. Тэгэхээр бид хийн түлш, сэргээгдэх эрчим хүч зэрэг өөр эх үүсвэр хайх хэрэгтэй болж таарч байна. Үндсэндээ утаагүй зуухыг тараах ажлыг эрчимжүүлж, үүгээрээ өвлийг давах л хэрэгтэй болсон” гэж Цэвэр агаар сангийн дарга Н.Хүрэлсүх ярьсан юм.

Ирэх өвөл дулаан алдалтыг багасгасан, санаачлагатай ажилласан хүмүүсийг урамшуулах бөгөөд аж ахуй нэгж, албан байгууллагыг ч энэ ажилд уриалах ажээ. Басхүү нийслэлд үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг шаардлага хангасан зуухаар галлах, үүнийг хянах тогтолцоог боловсронгуй болгох талаар анхаарч ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлийн дарга П.Цагаан Засаг дарга нарт даалгалаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд утаа хэмээх гайхалд 3,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Чухамдаа 2007 оноос нийтдээ 8,2 тэрбум төгрөг зарцуулсан гэх мөнгөн дүн бий. Энэ мөнгөн дүн дээр өнгөрсөн өвөл зарцуулсан 20 тэрбумыг нэмбэл чамгүй хэмжээний тоо гарна. Гэтэл утааг бууруулахгүй зөвхөн хорт хийн агууламжийг бууруулсан гэсэн даруухан үзүүлэлттэй сууж байна.

“Ямар нэгэн ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бол судалгаа, нарийн тоо баримтыг мэддэг байх учиртай. Үүнийг мэдэж байж хэрхэн тэмцэх оношийг боловсруулна. Мэдээллийн сан бага, бид үүнийг мэдэхгүй гээд нэг, нэгэн рүүгээ асуудлыг тохоод байвал үр дүнд хүрэхгүй. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуулийн үеэр утааны асуудлаа мартаж болохгүй. Тэгээд ч жилийн хугацаанд чамгүй үр дүн гаргасан болохоор энэ эрчээрээ цаашаа ажиллах хэрэгтэй” гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ярив.

20 тэрбумаар бид утааг бууруулаагүй, харин хорыг нь бууруулсан. Ирэх өвөл хэрхэхийг харах л үлдлээ. Ямар ч байсан төлөвлөж байсан зарим нэгэн ажлууд бүтэхгүй нь өнөөдөр л лав тодорхой байгаа юм байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж