”Орон нутгийн эрх иргэдэд шилжинэ”

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

”Орон нутгийн эрх иргэдэд шилжинэ”

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Ардчилсан намын хэсэг гишүүд өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан УИХ-ын гишүүн Р.Бурмаатай Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн төсөл өргөн барьж байсан. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл ямар давуу тал, ялгаа байна вэ?

-Зургадугаар сард зохион байгуулсан УИХ, НИТХ-ын сонгуулийн хуулийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулсан. Энэ удаагийн сонгууль автомат систем ашигласнаараа шударга болсон. Тиймээс Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг автомат системээр явуулахаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Мөн энэ удаагийн сонгуульд бүх иргэд ухаалаг үнэмлэх буюу цахим үнэмлэхээр саналаа өгнө. Иргэний бүртгэлийн газраас өгсөн мэдээллээр аравдугаар сарын 25-нд цахим үнэмлэхийг орон даяар тарааж дуусна гэсэн. Тиймээс цахим үнэмлэх, хурууны хээгээр баталгаажуулж санал өгөх юм. Өмнө нь УИХ-ын сонгуулиар нэг, Орон нутгийн сонгуулиар мөн өөр, өөр сонгогчдын нэрийн жагсаалт гаргаж байсан. Харин энэ удаад нэгдсэн нэг нэрийн жагсаалтаар сонгогчид саналаа өгнө.  2008 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалт 280 мянгаар зөрж байсан. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд Орон нутгийн сонгуульд санал өгөх сонгогчид УИХ-ын сонгуульд оролцсон нэрийн жагсаалтын адил байна гэж тусгасан. Энэ нь нэрийн жагсаалтад дураараа нэр оруулж, хасдаг байдлыг халж байна гэж ойлгож болно. Үүнийг дагаад Улсын бүртгэлийн хуулинд өөрчлөлт оруулна. Өрх гэрийн бүртгэл, иргэний бүртгэл гэж байсан бол нэмж сонгогчийн бүртгэл гэж бий болно. Сонгуульд оролцох насанд буюу 18 нас хүрсэн иргэдийг сонгогчийн бүртгэлд  шууд оруулдаг болно. Мөн гадаадад болон өөр орон нутагт амьдарч байгаа бол тэмдэглэгээ хийхийг хуульчилсан. Нэрийн жагсаалт нь бүх нийтийн сонгуулийн зарчмыг хангадаг хамгийн гол үзүүлэлт байдаг. Иргэд аливаа нэгэн ялгаварлалтгүйгээр сонгуульд оролцдог, түүнийг баталгаажуулахын тулд нэрийн жагсаалт үнэн зөв байх ёстой гэдэг үүднээс Улсын бүртгэлийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Мөн өнгөрсөн сонгуулиар ажиглагдсан зүйл бол иргэн хүний саналын нууцлал алдагдаж байсан. Иргэн саналаа өгсний дараа буюу саналын хуудсаа бөглөсөн нь нийтэд ил харагдах, ажиглагч нар харах гэм мэтийн дутагдал байсан. Жишээлбэл, саналын хуудсаа уншуулж буй сонгогчийн аль нам, нэр дэвшигчид санал өгсөн нь даамал болон бусад ажиглагч нарт ил тод харагдаж байсан. Ингэснээр иргэний саналын нууцлал алдагдаж байсан. Тиймээс даамлыг саналын машинаас зайтай зогсоох, санал унших машиныг бүхээгтэй болгох  өөрчлөлтийг оруулж өгсөн.

-Сонгууль зохион байгуулах комиссын хувьд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Өмнө нь бол төрийн албан хаагчид сонгуулийн ажилд оролцдог байсныг өөрчилж байгаа гэсэн үг үү?

-Сонгуульд оролцож байгаа улстөрийн намууд саналаа өгч сонгуулийн хороог бүрдүүлье гэж байгаа. Аль нэг нам нь давамгайлж болохгүй, дарга, нарийн бичгийн дарга нар нэг намаас байж болохгүй. Төр зохион байгуулж байгаа гэдэг утгаараа төрийн албан хаагчид сонгуулийн зохион байгуулалтын ажилд оролцож байсан. Орон нутгийн сонгууль нь төрийн гэдгээсээ илүү нутгийн өөрөө удирдах байгууллага төлөөлөгчдөө сонгож байгаа учраас сонгуульд оролцож байгаа талууд нь багаа бүрдүүлье гэсэн санал дээр үндэслэн өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, улстөрийн намууд нь СЕХ-нд хүсэлтээ гаргаад СЕХ нь аймаг дүүргээ, аймаг дүүрэг нь сумын төвшиндөө хэсгүүдээ байгуулна гэх мэтчилэнгийн босоо бүтцээр байгуулагдаж байгаа. Мөн бас нэг өөрчлөлт нь сонгуулийн тойрог гэж байгуулахгүй. Орон нутагт засаг, захиргааны нэгжийн төлөөлөл байх юм. Тодруулбал, жижиг том, их бага хүнтэйгээсээ үл хамааран сум болгон аймагтаа нэг төлөөлөлтэй, хороо болгон дүүрэгтээ төлөөлөлтэй байхаар зохицуулагдана. Үүн дээр нэмээд аймгийн төвийн баг болгоноос нэг төлөөлөлтэй байх юм. Яагаад гэвэл Ардчилсан намаас дэвшүүүлсэн мөрийн хөтөлбөр аймгийн төвүүдийг хот болгож хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс төвлөрөл ихтэй байгаа аймгийн төвийн баг бүрээс нэг төлөөлөлтэй байхаар тусгасан. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх нь нам эвслийн нэрийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны нэгжийн төлөөлөл байх болно. Өмнө нь тусгайлан тойрог байгуулдаг байсныг больж, өөрөөр хэлбэл, тойрог биш орон нутгийн төлөөлөл их, бага гэдгээс үл хамааран иргэдийн хуралдаа төлөөлөлтэй байя гэж шийдлээ. Жишээ нь аймагт, суманд, баг болгоноос төлөөлөл байна гэсэн үг л дээ. Үүн дээр нэмж 30 хүртэл хувь нь намын эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдоно. Хэрвээ энэ тоонд аймаг 41-ээс илүү, суманд 31-ээс илүү төлөөлөгчтэй байвал нам эвслээс сонгогдох нэрсийн жагсаалтаар сонгогдох хувийг хязгаарлах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдийнхөө тооноос хамаараад зарим газар 30 хувь нь нам эвслээс сонгогдож байхад зарим газар нь 20, 15 хувь байж болно гэх жишээтэй. Ийм маягаар зохицуулалт хийж байна. Энэ үед том суурин газар ч юм уу, олон хүнтэй сонгогчийн тоо бол нам эвслийн нэрийн жагсаалт дээр өгч байгаа санал дээрээ нэмж орж зохицуулагдана. Ингэснээр сонгогч аймагт амьдарч байгаа бол сумын төлөөлөгч, аймгийн төлөөлөгчөө давхар сонгоно гэсэн үг. Орон нутгийн төлөөллийг сонгохын тулд намын төлөөлөл байх ёстой. Хамгийн гол улс төрийн намын хариуцлагын заалтуудыг өндөрсгөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дараа Улс төрийн намуудын хариуцлагын тухай хуулийн төсөл дээр ажиллах гэж байна. Ялангуяа улс төрийн нам хариуцлагатай, санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнадаг, ил тод байх гэсэн заалтууд дээр анхаарч ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч төрийн албан хаагч болохын тулд сонгуульд санал өгөх  ёстой гэсэн заалт оруулсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Сөрөг хүчин ч мөн үүнийг өөрөөр тайлбарлаад байгаа?

-Төрийн албанд 130 мянган хүн ажилладаг. Хуулинд төрийн албан хаагч болох гэж байгаа хүн төрийн сонгуульдаа оролцох ёстой гэсэн санааг агуулж байгаа юм. Эрх эдэлж байгаа бол үүрэг байх ёстой гэсэн санаа.  Энэ бол олон улсад байдаг л жишиг. Тухайлбал, Австралид манайх шиг Хүний хөгжил сангийн мөнгө олгодог шиг уул уурхайгаас орж ирсэн ашгаа иргэдэд тараадаг. Хэрэв сонгуульд оролцохгүй бол энэ мөнгөнөөс нь торгууль суутган авдаг. Иргэн хүн үүргээ биелүүлж сонгуульд оролцох ёстой, үгүй бол торгууль төлнө гэсэн хууль үйлчилдэг дэлхийн олон орон байдаг. Австралид ч мөн энэ жишиг үйлчилдэг. Энэ жишгийн дагуу төрийн албанд орох хүсэлтэй байгаа бол үүргээ биелүүлж, саналаа өгөх ёстой. Дараагийн сонгуульд үүргээ ухамсарлан сонгуульд идэвхитэй оролцвол төрийн албанд орох нь нээлттэй болж байгаа юм. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ заалт хамаарахгүй.  Өөр нэг зүйл нь иргэд саналаа өгөх эрх нь тухайн хүний асуудал гэж ярьдаг. Уг нь бол сонгуульд оролцоод харин хэнийг ч дэмжихгүй гээд санал өгөх нь  Тиймээс эрх, үүрэг хоёр нь уялдаатай байх ёстой гэдэг агуулгаар сонгуульд саналаа өгчихөөд үр дүнгийн талаар шалгуулж хянуулмаар байна, шүүхэд хандмаар байна, сонгуулийн хороодод хандан гомдлоо барагдуулъя гэх ёстой учраас учраас сонгууль өгч байж, энэ бүх эрх нээгдэх ёстой гэж үзсэн. Бас сонгуульд оролцоогүй бол төрийн албанд томилогдох эрхийг ч түдгэлзүүлнэ гэж оруулсан. Дараагийн ээлжит сонгууль Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод  төрийн албанд томилогдох эрх нь нээгдэнэ. Үүргээ биелүүлж сонгуульдаа оролцож байж, төрийн албанд орж  ажиллах нь зүйтэй гэж үзсэн.  Бусад улс оронд торгууль байдаг, бид эдийн засгийн хөшүүрэг оруулаагүй, эрх үүргийг зохицуулсан зохицуулалтыг шинээр тусгасан юм.

-Аймгийн Засаг дарга, сумын засаг даргыг сонгох тогтолцоог өөрчлөнө гэсэн. Хуулинд хэрхэн тусгасан бэ?

-Засаг даргыг иргэдээс шууд сонгох асуудал Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой учраас энэ хуульд тусгагдаагүй. Энэ талаар бусад гишүүд хуулийн төсөл санаачилж ойрын хугацаанд өргөн мэдүүлнэ.

-Орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа. Өмнө нь ч ийм тохиолдлууд гарч байсан. Шинэ хуулийн төсөлд энэ талаар тусгасан зүйл байгаа юу?

-Ирц бүрдүүлэхэд хэд хэдэн зүйл байдаг. Ирц бүрдүүлэхийн тулд сонгуулийн хуулийг олон нийтэд таниулах шаардлагатай. Шинэ хуулийн төсөлд олон нийтэд таниулах хөрөнгө, мөнгийг тусгасан. Ингэснээр иргэдийн сонгуульд оролцуулах болон хуулийг таниулахын тулд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой юм. Саналаа хэрхэн, хаана очиж саналаа өгөх зэрэг таниулах ажлыг сонгуулиас өмнө сайн хийх хэрэгтэй. Ингэхийн тулд сурталчилгаа, таниулах ажлыг хэн хийх, хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай зэргийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Нөгөө талаар иргэд сонгуульд санал өгөх нь эрх гэдгээс гадна үүрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Иргэн сонгуульд оролцож байж дараагийн эрхийг эдлэнэ гэдгийг ойлгох нь чухал. Ингэснээр ирц бүрдэж, дахин сонгууль зохион байгуулах, цөөхөн хүний саналаар бус олон хүний саналаар төлөөллөө сонгох боломжтой болж байгаа юм. Өмнө нь Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирц  хүрээгүйгээс дахин санал хураалт явуулж байсан. Хамгийн гол нь иргэдэд сонгуульд оролцох ёстой гэсэн ухамсрыг суулгах ёстой юм.

-Өмнө нь Орон нутгийн сонгууль есдүгээр сард болж байсан. Энэ удаад арваннэгдүгээр сард болно гэхээр ирц хүрэхгүй байж болзошгүй байдал ажиглагдаад байгаа?

-Орон нутгийн сонгуулийг цахим үнэмлэхээр өгнө гэсэн байгаа. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газараас цахим үнэмлэх хэвлэж, орон даяар тарааж дуусах эцсийн хугацаанд нь аравдугаар сарын 25-н гэсэн. Эцсийн байдлаар энэ хугацаанд бэлэн болно гэсэн. Нэрийн жагсаалт тодорхой болсны дараа СЕХ саналын хуудас хэвлэх шаардлагатай болж байгаа юм. Хуулинд заасны дагуу нэрийн жагсаалт гарснаас хойш 45 хоногийн хугацаанд програм хангамж, бэлтгэл ажлаа хйинэ гэдгийг СЕХ илэрхийлсэн. Урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сарын 8-нд Орон нутгийн сонгуулийг явуулна гэсэн төсөл байгаа.

-УИХ-ын сонгуулийн зардал их байна гэсэн шүүмжлэл дагуулсан?

– Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан байдлаар 9,4 тэрбум төгрөгийн төсвийн төсөл оруулж ирсэн байгаа. Үүний тал хувь нь  буюу дөрвөн тэрбум орчим төгрөг нь сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн урамшуулал, зардалд төлөвлөгдсөн байсан. Өмнө нь бол цалингүй ажилуулж байсан учраас хариуцлага тооцоход хэцүү байсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээгээр тооцож нэг сарын  урамшуулал олгоод ямар нэг асуудал гарвал хариуцлагыг нь үүрүүлдэг байхаар тусгсан. Мөн саналын хуудсыг хэвлүүлэх, тээвэрлэх, бусад бэлтгэх ажлуудад зардал гарна. Шинэ хуулиа таниулах зэргийг тусгаад 9,4 тэрбум гэж СЕХ-оос хүргүүлсэн. Үүнийг УИХ-ын чуулганаар хуулийн төслийн хамт батлах юм.

-Сонгуулийн бэлтгэл ажлын нэг нь саналын хуудас. Саналын хуудасны загвар ямар байх вэ, мөн санал авах хугацааг яаж зохицуулсан бэ?

-УИХ-ын сонгуулиар 20.00 цагт санал хураалтыг зогсоож хаалга барьж байсан, харин энэ удаад санал хураалт 22.00 цагт дуусахаар заагаад байгаа.Саналын хуудасны загварыг СЕХ гаргана. Одоогоор нэг хуудсанд хоёр хэсэг болгон хийх боломжтой гэсэн саналыг СЕХ гаргасан байгаа. Саналын хуудасны загварыг нэр дэвшигчид, төлөөлөгчид тодорсны дараа эцэслэн гаргана гэсэн.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж