Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг 41-д бариулна

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг 41-д бариулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрийн жагсаалтаар, үлдсэнийг тойргоос сонгохоор заагаад байна. Харин эл сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлнэ, ингэснээр сонгуулийн сурталчилгаа 15 хоногийн дотор багтаан хийх болж буй юм. Мөн орон нутгийн сонгууль нь ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулагдах бөгөөд санал авах цагийг 07.00-22.00 хүртэл байхаар зааж, саналын хуудсыг автомат машинаар уншуулж дүнг нэгтгэхээр болжээ.

Сонгогчдын хувьд сонгууль өгөх нь үүрэг, хэрэв сонгуульд саналаа өгөөгүй бол төрийн албанд томилогдох эрхийг нь дараагийн сонгууль хүртэл хязгаарлахаар заагаад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ жилийн орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүй бол ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байж гэмээнэ төрийн албанд томилогдох бололцоо нээгдэх юм. Ийм заалт оруулсан нь аль болох орон нутгийн сонгуульд оролцох сонгогчдын ирцийг 50-иас дээш хувьд хүргэхийг зорьжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сард зохион байгуулах нь хөдөөгийн малчдад хүндээр тусна. Өвөлжөөндөө буух, отор нүүдэл хийгээд явсан үед сонгууль таарч байна. Тиймээс хугацааг урагшлуулж, хуучнаар нь аравдугаар сард зохион байгуулахаар үлдээж болдоггүй юм уу гэж байв. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн А.Бакейгийн тайлбараар бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос тус бүр хийгдэж байгаа ажилтай холбогдож гаргасан тов аж. Тодруулбал, иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил одоо ид үргэлжилж байгаа. Хэвлэж дуусангуут аймаг, дүүрэгт тараах ажлыг хамтад нь хийж байгаа, хамгийн сүүлчийн цахим үнэмлэхийг аравдугаар сарын 25-нд тарааж дуусна. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд саналын хуудсыг хэвлэх, програмаа суулгах зэрэгт хугацаа орж байгаа учраас энэ бүхнийг тооцож гаргасан тов юм байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн хууль зүйн заалт мөрдөгдөхгүй байгааг санууллаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хүн амынх нь тоонд үндэслэж ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоор заахдаа дээд хязгаарыг зааж, доод хязгаарыг хэдээр тогтоож байгаад тодорхой хариулт өгөхийг хүсэв. Төсөл санаачилсан УИХ-ын гишүүн А.Бакей “Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай, гурван сум, зургаан багтай гэж тооцохоор 12 ИТХ-ын төлөөлөгч сонгогдох болж байгаа. Тухайлбал, Баянхонгор аймаг 84 мянган хүн амтай, 20 сумтай, аймгийн төвдөө есөн багтай гэж тооцохоор энэ аймагт ИТХ-ын төлөөлөгч 43 сонгогдох тооцоо гарсан, гэхдээ дээд хязгаарыг 41 гэж заасан учраас энэ тоонд бариулна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд маргаан дагуулсан нэг асуудал нь сонгогч орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүйнхээ төлөө төрийн албанд томилогдох боломжоо алдах болж буй тухай байв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авсан жишээгээр бол их, дээд сургуульд суралцаж байгаа олон мянган оюутан бий, тэднээс нэг хэсэг нь сумандаа ч, оршин суугаа газраа ч сонгууль өгөөгүй байлаа гэж үзэхэд ирэх хавар нь төгсөөд төрийн албанд ажилд орох болтол энэ хуулийн хүрээнд ажилд орох боломжгүй болох нь. Золоор Ерөнхийлөгчийн сонгууль болох юм гэж бодохоос биш, дараа дараагийн жилүүдэд харин яах вэ. Ингэж хүний эрхэнд халдаж болох уу гэж байв. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Н.Энхболд ч хөндсөн. УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Сонгуулийн ирцийг хуульд заасан хэмжээнд хүргэхийн тулд улс орнууд хоёр аргыг ашигладаг, нэг нь сонгогч заавал сонгууль өгөх, нөгөөх нь сонгууль өгөөгүй тохиолдолд торгууль хүлээлгэдэг. Ийм хоёр санкцаас ярилцаж байгаад эхнийхийг ашигласан. Төрийн албанд ажиллах хүсэлтэй хүн сонгуульд оролцдог байх ёстой, дээр нь сонгуульд оролцоогүй байж үр дүнгийнх нь талаар гомдол гаргах нь буруу учраас энэ бүхнийг нэлээд нухацтай авч үзэж байж, хийсэн зохицуулалт гэсэн тайлбар хийсэн юм.

Түүнчлэн нэр дэвшигчдийн хувьд сурталчилгаа хийх хугацаа нь маш тулгамдуу байгааг гишүүд хөндөв. Харин эл хугацааг төслийг хэлэлцэх шатанд өөрчилж болох талтайг төсөл боловсруулагчид санууллаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат одоогийн байдлаар хэчнээн иргэн цахим үнэмлэхээ гар дээрээ аваад байгаа, аль аймагт цахим үнэмлэхийг тараасан. Ирэх аравдугаар сарын 25-н гэхэд сонгуулийн насныхан цахим үнэмлэхээ гар дээрээ авч чадсан байх уу. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг дахин нэг нягталж үзэхгүй бол УИХ-ын сонгуулийн үеэр булхайтай асуудлууд гарч байсныг сануулж энэ чиглэлээр анхаарах ёстой хэмээсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж