-Бэлчээрийг сэргээх хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд их хөндөх болсон шүү дээ. Тэгэхээр үүнийг хэрхэн сэргээх боломжтой вэ?
-Үүний тулд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ер нь хаана ус байна, тэнд мал төвлөрч байна шүү дээ. Урьд өмнө нь усалгааны олон худагтай байсан бол одоо байхгүй боллоо. Тиймээс эргээд услалтыг сайжруулахын тулд худаг барих хэрэгтэй. Үүнд их хөрөнгө мөнгө шаардлагагүй, малчид, орон нутгийн хоорондын шийдэх л асуудал шүү дээ.
-Усан хангамжийн өнөөгийн байдал хэр байна вэ?
-1980-аад онд нийт бэлчээрийн 60 орчим хувийг усжуулсан байлаа. Одоо бол 40 орчим хувьтай байна.
-Бэлчээрийн нийт талбайг тодорхойлбол?
-Монгол орон бэлчээрийн талбай хангалттай. Барагцаалбал, 140 сая га бэлчээртэй гэж тооцдог.
-Хамрах талбайг нь хэрхэн нэмэгдүүлбэл тохиромжтой бол?
– Бид бэлчээрийн талбайшг заавал нөөц гэхгүй, хэрэгцээгээрээ л ашиглана. Талбайг нэмэгдүүлэхийн тулд бэлчээрийг аль болох эргэлтэнд оруулж байх хэрэгтэй. Тухайлбал, дархан цаазтай газар гээд хадгалахын нэр биш, тодорхой хэмжээгээр ашиглаж болно. Үүний тулд эрх зүйн орчныг шийдээд өгөх хэрэгтэй.
-Бэлчээр ашиглах тухай эрх зүйн орчин одоогоор хэр байдаг юм бэ?
-Манайд бэлчээр ашиглах эрх зүйн орчин сул байдаг. Тиймээс хариуцлага тооцох замаар нийтийн эзэмшлийн бэлчээрийг эзэн холбогдогчтой болгох хууль эрх зүйн орчинг сайжруулах, одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг ч бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бэлчээрийг эзэн холбогдогчид өмчлүүлэхийн тулд бидний хэлж заншсанаар нэг голынхон, хоршооллоор нь шийдэж болно.