ИЗНН-ын удирдлага өнөөдөр хуралдаж хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар байгуулсан гурван талт гэрээний биелэлтийн явцыг хэлэлцжээ. Ингээд ИЗНН-ын удирдлагын хурлаас Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Бидэнд олдсон мэдээллээр бол ИЗНН нь шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах шийдвэрийг гаргажээ. Чухам ямар шалтааны улмаас Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг нь ИЗНН, Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулах гэрээнд нэг сайдын суудлыг ИЗНН-д, “Шударга ёс” эвслийн бүлэгт сайдын дөрвөн суудал өгөхөөр тус бүр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг тус нам хариуцахаар болсон билээ. Гэвч дэд сайд нарын томилгооноос болов уу, эсвэл өөр шалтгаан байсан уу ямар ч байсан ИЗНН-ын удирдлагын хуралдаанаас Ардчилсан нам, ИЗНН-ын удирдлагын уулзалтыг нэн даруй зохион байгуулах саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Дарь