Их Монгол улс байгуулагдсны 806 жил, Ардын хувьсгалийн 91 жилийн ойн Улсын их баяр наадмын соёолонгийн түрүү, Төвийн бүсийн хурдан морьдын уралдааны түрүү, "Алтан түрүү" цомын шагналт "Богд хээр" соёолонгийн хүндэтгэлийн мялаалага наадам наймдугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Хонгор" овоонд боллоо. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул "Таван Толгой" Хувьцаат компанийн захирал, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярийн "Богд хээр" соёолонгийн мяалаалга наадмын үеэр соёолон, дааганы уралдаан, хүчит бөхийн барилдаан, шагайн харваа болсон байна.
Соёолон насны уралдаанд гуч гаруй үрээ тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Номгон сумын уяач Цэнгэлжаргалийн Цэгээн үрээ тод магнай торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Даланзадгад сумын харъяат, залуу уяач Амгаланбаатарын зээрд үрээ орж, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Найдандоржийн хул, айргийн дөрөвт Манлай сумын Н.Эрдэнэбаатарын ухаа, айргийн тавд Манлай сумын уугуул, Аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн цавьдар үрээ тус тус хурдлан ирж наадамчин олноо баясгажээ.
Харин хурдан дааганы уралдаанд гучин найман даага гарааны зурхайгаас хөдөлснөөс Цогтцэций сумын залуу уяач Д.Одгэрэлийн саарал халзан даага түрүүлэн ирж нутгийн зон олноо баясгалаа. Саарал халзан даага нь энэ жил нутагтаа 10 уралдснаас дөрөв түрүүлж, гурав айрагдаад байсан байна. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Ганбаярын хээр, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Жаргалсайханы загал, айргийн дөрөвт Цогтцэций сумын уяач Эрдэнэтөгсийн хээр, айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Цогтсүрэнгийн хонгор дааганууд тус тус хурдалжээ.
"Богд хээр" соёолонгийн мялаалга наадмын түрүү магнайг автомашинаар байлж, аман хүзүүний морьдыг ява мотоциклоор, айрагдсан морьдыг 1-2 сая төгрөгөөр мялаасан байна.