-Хурлаар онцолж байгаа асуудлаас улбаатайгаар малчид, хувийн секторын хэдэн хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг вэ?
-Энэ хэсгийг хамарсан буюу сайн дурын даатгалд 81 мянган даатгуулагч хамрагдаж байна. Үүнд малчид, албан бус секторын хүмүүс байдаг. Нийт малчдын 5-6 хувь л нийгмийн даатгалд хамрагдсан талаарх судалгаа бий. Тэгэхээр 311 мянга орчим малчин байдгаас 16 мянган малчин хамрагдсан байна.
-Энэ ажил хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Малчид, хувийн хэвшилд ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах ажил 1997 оноос хойш эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанд төдийлөн хамрагдаагүй л байна.
-Нийгмийн даатгалын тэр дундаа, сайн дурын даатгалд хамрагдах нь иргэдийн сонирхол бага байгаа шалтгаан?
-Учир нь одоогийн манай хууль нь сар бүр тогтмол цалинтай хүнд тохирсон. Гэтэл дээрх хэсгийнх орлого нь тогтворгүй байдаг. Энэ тохиолдолд зайлшгүй хуулийн шинэчлэл хийх ёстой л доо.
-Ямар шинэчлэл?
-Үүний тулд малчдад зориулсан хууль болон орлогогүй болсон үед нийгмийн даатгалын шимтгэлийг ямар нэгэн сангаас төлдөг байдлаар шийдэж болох юм. Ингэснээр Нийгмийн даатгалын хамралт таслалтгүй үргэлжилнэ.
-Санг яаж бүрдүүлэх юм бэ?
-Үүний тулд ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан орж ирж буй орлогоос тодорхой хэсгийг энэ санд хуримтуулна.
-Таны бодлоор хуралд оролцож буй орнуудаас хэрхэн туршлага судалж, нэвтрүүлбэл оновчтой бол?
-Хуралд Япон, Солонгос зэрэг улсаас төлөөлөгч ирсэн. Ажиглаж байхад, эдгээр улс нь хувиараа хөдөлмөр эрхлэх нь элбэг. Тиймдээ ч энэ салбартаа анхаарч, нэг жилээр нь бөөндөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол тодорхой хэмжээний урамшууллыг олгодог жишээ байна. Гэхдээ энэ туршлагуудаас Монголд хэрэгтэйг нь авна, хэрэггүйг нь хаях зарчмыг мэдээж баримтална.
-Монголын нийгмийн даатгалын тогтолцоог хэрхэн харж байна вэ?
-Монголын хувьд нийгмийн даатгалыг бүрэн хамруулахад ярвигтай орон хэдий ч боломжийн хэрээр хамрагдалт сайн байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд эмзэг болох малчдыг анхаарч, хамруулахыг зорьдог нь сайшаалтай. Монголын энэ системийг харж байхад, ирээдүйгээ харсан шинжтэй санагдлаа.
-Манай улсын хувьд ямар асуудал тулгарч байна гэж тодорхойлох вэ?
-Монгол Улсын хувьд өндөр настны тэтгэврийг эрх тэгшээр олгох тухай асуудал ярвигтай байна. Танай улс хүн амын дундаж наслалтаараа дээгүүрт тооцогддог. Энэ нь тухайн орон хөгжил, дэвшилтэй, амьдрахад таатай байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа урт наслахын хэрээр нийгмийн даатгалын тусламж, үйлчилгээ шаардлагатай тул хөрөнгө, санхүү тогтвортой байх ёстой.
-НД-ын хамралтыг сайжруулахын тулд бусад орны авч хэрэгжүүлж байсан арга туршлага ямар байдаг вэ?
-Орлого жигд бус хэсгийнхний нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эхэндээ багаар тооцож, яваандаа нэмэх байдлаар хамралтыг нэмэгдүүлж байсан юм. Монголд ч энэ арга буруудахгүй байх гэж үзэж байна.