![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/6/234d729bde34a1f1/a770f3fb5adbe89coriginal.jpg)
Мөн хоригт “Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь шүүхэд үйлчлэх шүүхийн захиргааны байгууллага болохын хувьд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхээс санал болгосноор Ерөнхийлөгч томилж, баталгаажуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байв.
Байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Л.Цог нарын гишүүд хоригийг хүлээж аваад УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байсан бол О.Баасанхүү гишүүн түүнийг хүлээн авах ёсгүй гэсэн байр суурьтай байлаа. Ингээд гишүүдийн дунд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн тул уг хоригийг хүлээн авах тухай тус хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудал байлаа.
Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийн хэрэг маргааныг харьяалсан сум дундын 2-р шүүхийг Ханбогд сумын төвд байгуулахаар тусгажээ. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлаөлт оруулж, Өмнөговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийг шинээр байгуулахтай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог нэг Ерөнхий шүүгч, таван шүүгчтэй байхаар тогтоож, Ханбогд, Гурвантэс сумдад Сум дундын прокурорын газар шинээр байгуулахаар заасан байна.
Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд Өмнөговь аймгаас өөр иймэрхүү эрэлт хэрэгцээтэй газар байгаа бол тэнд ч бас шүүх нэмж байгуулах хэрэгтэй. Харин тэдгээр аймгуудын дэд бүтэц, шүүгчдийн амьдрах орчин ямар байгааг харгалзан үзэж, төсөв батлах болон бусад зүйл дээр энэ талаар нэгдсэн бодлого боловсруулах нь зүйтэй гэсэн саналтай байв.
Байнгын хороодын гишүүдээс дээрх гурван төсөл дээр нэг бүрээр нь санал хурааснаар гишүүд хоёр дахь асуудлыг бүхэлд нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тус хорооны санал, дүгнэлтийг О.Баасанхүү гишүүн танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: http://open.parliament.mn/