“Петрочайна Дачин Тамсаг”-т мэдэгдэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

“Петрочайна Дачин Тамсаг”-т мэдэгдэл хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар нар “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнөөдөр мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд, Монгол Улсын нутаг дэвсгэр болох Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж буй танай компани болон танайд туслан гүйцэтгэх компанийн ажилчид удаан хугацаагаар буюу тасралтгүй 40 хоног гэр бүлээсээ хол ажиллаж байна. Ингэснээр тухайн ажилчдын гэр бүлийн хэвийн амьдрах боломжийг алдагдуулж байгаа бөгөөд энэхүү асуудлаар ажилчид болон тэдний гэр бүлээс санал, гомдол ихээр ирж байна.

Олон улсын хэмжээнд гэр орноосоо хол ажилладаг нефть, хийн салбарын ажилчдын ажил амралтын өдрийн жишиг 20:10, 15:15 болон түүнээс ч бага хугацаатай байдаг. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Бороо гоулд компанийн ажилчид 7 хоног ажиллаад 7 хоног амардаг. Монгол ажилчид залхуу хойргодоо Тамсагт тогтвортой ажилладаггүй бус, гэр орноосоо хол урт хугацаагаар цалин багатай ажилладагт асуудлын гол оршиж байна гэж үзэж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг хянан үзэж, ажил амралтын нөхцлийг сайжруулах, ажиллах хуваарийг дээд тал нь 20 хоног ажиллан 10 хоног амрах хүртэл хуваарьтай болгох арга хэмжээ авч, ажилтнуудын ээлжийг нэмэх, Монгол ажилтнуудын цалингийн хэмжээг ур чадвар, туршлагад нь үндэслэн өсгөх, үндэсний болон Хятад ажилтнуудын цалингийн ялгааг багасгах зэрэг арга хэмжээ авахыг энэхүү албан тоотоор хүргүүлж байна. 

Танай компанийн бүс нутаг, тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд ажилчдад зориулсан орон сууц, эмнэлэг, сургууль барих, гэр бүлээрээ амьдрах нөхцөл боломжийг хангах заалтууд багтсан эсэх, ажилчдын хөдөлмөрлөх хугацаа, хөдөлмөрийн хөлсийг өөрчлөх зорилго байгаа эсэх талаар хариу ирүүлэхийг хүсье” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж