![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/98700224a2442afe/91abb3064cf125b3original.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Өмч хөрөнгө шамшигдуулсан, олон улсын төсөл хөтөлбөрийг зөвхөн өөрийн талын хүндээ өгсөн, “идсэн” зэрэг Нийгмийн даатгалын болон, Халамжийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага яагаад тооцож болохгүй байна вэ” гэж лавлав. Энэ асуултад Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хариуцлага тооцох боломж Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Хөдөлмөр, халамжийн газрын даргад тус бүр байдаггүй. Хариуцлага тооцох боломж зөвхөн томилсон Засаг даргад байдаг ч түүнийгээ биелүүлдэггүй учраас энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын даргыг шууд босоо удирдлагаар сонгодог болох тогтолцоонд шилжүүлэхээс өөр аргагүй байгаа” гэсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын тогтолцоог иж бүрнээр шинэчлэх шаардлага бий. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ” гэдгийг тодрууллаа. Сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын тогтолцоог иж бүрэн шинэчлэх шаардлага байна гэсэн таны саналыг дэмжиж байна. Эрх зүйн орчин нь бүрдээгүй цагт шинэчлэлийн асуудлыг ярих боломжгүй. Тэр дундаа Тэтгэврийн даатгалыг иж бүрэн шинэчлэх шаардлагатай. Тэтгэврийн нэрийн дансыг бичилтээр хийж байна. Уг нь 2012 он гэхэд нэрийн дансны хуримтлалыг 100 хувь мөнгөжүүлнэ гэж төр зорилго тавьсан ч 50 хувьд ч хүрээгүй. Энэ чиглэлээр хийх ажил асар их байна” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар дамжуулан иргэдэд хүнсний талон олгох тухай хөтөлбөр аж. Тус яамнаас гаргасан дүн мэдээгээр 600 мянган иргэнийг уг хүнсний талонд хамруулсан гэдэг байна. Нэг хүн 15 мянган төгрөгөөр тооцон талон олгосон байдаг, гэвч энэ талын ойлголт иргэдэд байдаггүй. Төсөл хөтөлбөр үнэхээр хүндээ хүрсэн бол иргэд мэдэх ёстой, харамсалтай нь хорооны Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нар энэ бүхний учрыг олдогоос жинхэнэ хүндээ хүрдэггүй, танил тал харсан хөтөлбөр болж цалгардсан тухай ч асуудал хөндөгдлөө. Ингээд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тус байнгын хорооны хуралдаанаас шийдвэрлэлээ.