Шүүх Тимошенкогийн гомдлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Шүүх Тимошенкогийн гомдлыг шийдвэрлэнэ

Юлия Тимошенкогийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр түүний гомдлыг Европын хүний эрхийн шүүх шийдвэрлэх эцсийн хугацаа нь өнөөдөр буюу лхагва гариг гэнэ. Украйны экс Ерөнхий сайд Юлия Тимошенког Засгийн газар нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгаж тус улсын шүүх долоон жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг хүний эрхийн байгууллагуудын зүгээс улс төрийн далд явуулгын золиос болсон хэмээн үзэж  Европт ихээхэн шуугианыг тариад байсан. Харин түүний өмгөөлөгч Тимошенког улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, шоронд хоригдох хугацаандаа бие мах бодь нь гадны гэмтэл ихээхэн авсан хэмээн Европын хүний эрхийн шүүхэд энэ сарын дундуур хандах болсноо мэдэгдэж байжээ.

Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр ийнхүү Европын шүүхэд хандах болсон нь түүнийг шоронд хоригдох хугацаандаа тэсвэрлэхийн аргагүй хүнд нөхцөл байдалд байгаатай холбоотой аж. Учир нь тэрбээр шоронд хоригдох  хугацаандаа ямар ч нарны гэрэл тусхааргүй жижиг цонхтой хүйтэн өрөөнд хоригдсноос болж биеийн байдал нь нилээн муудсан гэж үзэж байгаа юм байна.

Украйны шүүх Юлия Тимошенког 1.5 тэрбум гривень буюу 190 сая ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэж буруутган түүнийг энэхүү хохирлоо барагдуулах ёстой гэж үзсэн байна.

Харин Эмнести Интернейшнлээс эхлээд бусад хүний эрхийн байгууллагууд дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Тимошенко өнгөрсөн дөрөвдүгээр сард шоронгийн хуягууд түүний эрхэд халдлаж, хүч хэрэглэж байгаад эсэргүүцэн өлсгөлөн зарласан аж. Түүний ийнхүү хуягуудад зодуулж, түүнтэй зүй бусаар харьцаж байгаа зураг нь интернэт эх сурвалжуудаар цацагдсан нь Украйнд төдийгүй дэлхийн бусад орнуудад түүний дэмжигчдийн дургүйцлийг маш ихээр хүргэжээ.

Юлия Тимошенкогийн дээрх бүх асуудал нь Европын хүний эрхийн шүүхэд хандахад  хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн түүний охин Евгения мөн мэдэгдсэн гэнэ. Харин энэ удаа Европын хүний эрхийн шүүх дээрх хэргийг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа аж.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж