Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдох бололтой

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдох бололтой

Монголбанкны ерөнхийлөгчийг өөрчлөх талаар Ардчилсан намын удирдлагын хүрээнд яригдаж байсан асуудлаар шийдвэр гарч буй бололтой.

Холбогдох хуулиар бол Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар УИХ-аас томилдог. Ээлжит томилгоог явуулах хуулийн хугацаа хараахан болоогүй ч эрх баригчид энэ албан тушаал дээр өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх хүнийг томилох талаар ярилцаж буй. Илт хууль зөрчихгүйгээр дараагийн томилгоог хийхийн тулд УИХ-ын дарга өнөөгийн ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг өөрөө өргөдлөө гаргахыг нь хүлээж байгаа гэх мэдээлэл ч сонсогдож байсан. Асуудал ямар зарчмаар шийдэгдэж байгаа нь тодорхойгүй ч Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх албан тушаалд дэвшин томилогдохоор болсон гэх мэдээлэл байна.

Ардчилсан нам хүний нөөцийн хувьд аливаа шинэчлэлийг хүлээн авч, хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд бэлтгэгдсэн олон шилдэг эдийн засагчидтай гэгддэг.
Монгол Улсад сүүлийн хорин жилд өрнөсөн эдийн засгийн реформуудыг санаачилан гар бие оролцож, нийгэмд өөрсдийгөө таниулсан Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд зэрэг хэд хэдэн хүний нэр Монголбанкны ерөнхийлөгчид яригдаж байсан юм.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж