Дундговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан нөхөд гэр бүлийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дахь “Эрдэнэ-Ухаа” жуулчны баазад уулзан гурав хоногийн амралт зохион байгууллаа. 1990 онд аймгаасаа 17-уул сонгогдон 1992 онд шинэ ардчилсан “Үндсэн хууль” батлалцсан тэд “Монгол улсын ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” гэж Монголын төр өргөмжлөн хоёр өрөө байраар шагнасан 400 гаруй депутатын хэсэг юм. Энэ 17 депутатаас хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзсэн бөгөөд тав нь тодорхой шалтгааны улмаас энд хүрэлцэн ирсэнгүй. Энэхүү уулзалт-амралтыг санаачлагчид нөхдөө идэвхитэй сайхан амрааж гурав хоног ч гэлээ алжаалыг тайлах, чин сэтгэлийн яриа өрнүүлэх, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулах талаар ярилцахыг зорьсон байна. Тэдний дунд Ардын Их Хурлын орлогч даргаар ажиллаж байсан, Монгол улсын Хүний гавьяат эмч Т.Жагай, УИХ-ын гишүүн асан С.Батмөнх, Дундговь аймгийн даргаар ажиллаж байсан З.Жанжаадорж, Ж.Хүүхэнбаатар, Ж.Адьяа, аймгийн орлогч даргаар ажилласан М.Моёор, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан До.Адьяа, сумын даргаар ажиллаж байсан Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Г.Бөхчулуун нар хүрэлцэн ирлээ. Тэд шинэ Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай улс төрийн аль нэг нам, УИХ-ын хэн нэг болон хэсэг гишүүн санаачлан батлуулахтай санал нийлэхгүй байгаа бөгөөд Үндсэн хуульд оруулах аливаа өөрчлөлтийг ард түмний санал асуулга, хэлэлцүүлгийг үндэслэн хийх нь зүйтэй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Мөн төрийн хайр, хүндэтгэлийг дааж ажиллах, үүний тулд залуу үед шинэ Үндсэн хуулийн үндсэн зарчим, үнэт зүйлийг сурталчлан ойлгуулахад цаг ямагт бие сэтгэл, хөдөлмөрөө зориулна гэдгээ тэд онцолсон юм.
Уулзалтын үеэр шатар, даамны тэмцээн болоо, Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс ахмад хууль тогтоогчдод хүндэтгэл үзүүлсэн явдалд оролцогчид баярлаж талархсанаа илэрхийлж байв.
Тэд жил бүр энэ мэт уулзалт амралтыг аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн уламжлал болгон хийхээр тогтсон юм.
С.ПҮРЭВСҮРЭН