– “Асуудал олон байгаа нь үнэн. Гэхдээ тэр бүхнийг өнөөдөр ярих нь зохимжгүй. Та бүхэнтэй нэг зүйлийг хэлэлцэж тохиролцохоор ирсэн юм. Түүнийгээ л хэдүүлээ хэлэлцэнэ” гэж Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл тайлбар хийснээр асуух эрхийн танхимын анхны иргэдрүүгээ нүүж очсон хэлэлцүүлэг голдиролдоо орсон юм. Тус хорооны нутаг дэвсгэрт 2010 онд хорооны контор, өрхийн эмнэлэг, цагдаагийн байр бүхий барилгын зөвшөөрөл олгожээ. Гэтэл үүнийг Татварын ерөнхий газар(ТЕГ) , Чингэлтэй дүүргийн татварын газрын ажилчдын байр болгон өргөжүүлж 13 давхар барилга барих нэмэлтийг уг захирамжид оруулсан байна. Иргэд захирамжийн энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй нь он дамжсан хэрүүл болжээ. Тухайн захирамжид 13 давхар барилга барих нэмэлт заалт хэрхэн орсон, талаар нийслэлийн Газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэл, хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар нэмэлт тайлбар хийлээ. СӨХ-ны дарга н.Оюун зөвшөөрөл олгосон нь захирамжид өөрчлөлт орох суурь нөхцөл болжээ. Гэтэл СӨХ ийм зөвшөөрөл олгох эрхгүй байжээ.
Засаг дарга маргаантай газар олголтыг анхных нь зориулалтаар буюу хорооны контор, өрхийн эмнэлэг, цагдаа байрлах хэмжээний байшин барих зөвшөөрлийг хэвээр үлдээж , ТЕГ-ын ажилчдын орон сууцны зориулалт бүхий захирамжийн нэмэлт хэсгийг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ. Засаг даргын ийм шийдвэрийн үндэслэл нь тус хорооны уулзалтад ирсэн иргэдийн санал хураалт болох ажээ. Тухайн газар олгогдоод тодорхой хугацаа өнгөрсөн тул ТЕГ уг газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөлд барилгад оруулаад байгаа 600 сая төгрөгийг хот төлөх болно гэж албан тоотоор мэдэгдээд байгааг Засаг дарга иргэдэд тайлбарлалаа. Нэгэнт та бүхэн орон сууц бариулахгүй гэж байгаа нөхцөлд зөвшөөрлийн энэ хэсгийг хүчингүй болгоно. Та бид хэн хэн маань хариуцлаггүй байснаар ийм байдалд хүрлээ. Дахиад ийм хүнд байдалд хүрэхгүйн тулд иргэдийн эрх ашигтай холбоотой ямар нэг шийдэр гаргахад заавал иргэдээс асууж байх болно гэж Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдлээ.
Мөн хорооны хоёр, дөрөвдүгээр байрны дэргэд 80 машины гарааш барих газрын зөвшөөрлийг аж ахуйн нэгж дуудлага худалдаанд орж авчээ. Гэтэл тухайн байрны иргэд тэр газар дээр өөрсдөө мөнгө хуримтлуулан граш барина хэмээн зүтгэжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “ Иргэндээ дуудлага худалдаанд оруулж газар олгочихоод одоо буцаана гэж болохгүй. Тэгэхээр энэ талаар талууд ойлгоцох хэлцэл байна уу гэхээс буцаах боломж тун ховор” гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэсэн ч иргэд Засаг даргыг тухайн газартай танилцахыг хүссэн юм. Барилга барих гэж байгаа газар бол нүх ухсан байх нь ойлгомжтой. Иргэдийн ярьж байгааг сонсоход дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, доошоо хоёр давхар орчин үеийн автомашины граш байх ажээ.