“Дэлхийн хамтын засаглалаар өнө удаан энх тайван тогтоох" сэдвийн хүрээнд болж буй Сайд нарын энэ удаагийн хуралдаан нь 8 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болох ЭҮНХ-ийн дээд хэмжээний XVI уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг тохиролцох, улмаар дээд хэмжээний уулзалтаас батлах Төгсгөлийн баримт бичгийн төслийн заалтуудыг эцэслэнэ.
Гадаад харилцааны сайд Л.Болд ЭҮНХ-ий Сайд нарын хуралдаанд оролцох үеэр олон улсын хэмжээнд манай улсын санаачлан авч явдаг цөмийн зэвсэггүй статус, ардчилал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал, цөлжилт, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, Бичигтэн болох НҮБ-ын арван жил зэрэг ЭҮНХ-ийн дээд хэмжээний XVI уулзалтын төгсгөлийн баримт бичгийн төсөлд туссан саналаа эцэслэн батлуулахаар ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд ЭҮНХ-ий Сайд нарын хуралдааны эхний өдөр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Юген Цэрин, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чүн, Тайландын вант Улсын Гадаад хэргийн сайд Др.Сурапонг, Иран улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салэхи, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Бонг Хюн нартай хоёр талын уулзалт хийж, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын байгууллагуудын сонгууль, олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх харилцан сонирхсон зарим асуудлуудаар санал солилцов.
Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал нь ЭҮНХ-ий дээд хэмжээний XVI уулзалтад оролцох Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө болж буйгаараа онцлогтой юм гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.