Хүннүчүүдийн алт буюу буцааж авсан өв

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Хүннүчүүдийн алт буюу буцааж авсан өв

“Хүннүчүүдийн алт” гэх үгс хөвөрсөөр л… 2011 онд ОХУ-ын Курск мужийн археологичдын илрүүлсэн олдворыг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл учрыг нь ч сайн ололгүй ийн нэрлэсээр байлаа.

Дор өгүүлэх түүхийн гол баатар нь алт ч биш, хүннүчүүд ч биш. Тэгээд ч уг олдворыг анх “хар археологичид” илрүүлсэн билээ.

Сая долларын хэрэг

1980-аад он, Курск муж. Фатеж дүүргийн Волниковка тосгон. Байдаг л нэг жалганы ёроолоор урсах горхи Усожу голд цутгана. Энэ хэсэгт барилгачид хоолой тавих хонгил барьж байжээ. Барилгачид төлөвлөгөөгөө бушуухан биелүүлэхсэн гэж яарна. Харин нутгийн хүүхдүүд тэдний ажлыг сонирхон энэ тэрүүгээр гүйлдэх аж. Тэгтэл экскаваторын шанага нэгэн ойлгомжгүй зүйлд тээглэжээ. Ухсан хэсэгт юу гэдэг нь мэдэгдэхгүй төмөрлөг зүйлс, үрчийсэн шар төмрүүд болон яснууд цухуйн харагдана… Барилгачид ч, багачууд ч олсон зүйлсийнхээ талаар хүмүүст хэлье гэж бодсонгүй, яваандаа мартсан аж. Гэвч нэг л хүн мартсангүй…

2010 он. Нөгөө жаалуудын нэг нь эрийн цээнд хүрсэн хойноо “хар археологич”-ийн тухай зах зухын мэдлэгтэй болж дээрх газрыг зорин иржээ. Багынхаа дурсамжаар баримжаалан ирэхдээ металл илрүүлэгч авчрахаа мартсангүй. Бараг тэр дор нь л төмөр эдлэлүүдийг олов. Эдгээрийн дотор зэс зоос, жад зэргээс гадна үнэт чулуутай сонин зүйл олон байжээ. Эрдэнэсийн сан хайгчийн хувьд түргэн бөгөөд ашигтай борлуулж болох цогц зүйлсийг сонирхож байсан нь ойлгомжтой. Тиймээс яс, шил, төмөр эдлэлийн хэлтэрхийнүүдийг нүхнээс нь гаргаад шидчихэж.

-Хар археологичид гэнэ ээ? Африкийн археологичдыг л ингэж хэлэх байх. Гэхдээ их л бүдүүлэг сонсогдоно доо. Харин тэр нөхдүүд бол булш тоногчид юм. Тэднийг хэн археологич гэх юм бэ? хэмээн Курск мужийн Археологийн музейн сан хөмрөгийн гол хадгалагч Александр Зорин дооглонгуй хэлэв.

Эрдэнэсийн сан хайгчид жинхэнэ археологичдэд түвэг болоод удаж байна. Тэд тэр бүр сонирхолтой олдвор олоод байдаггүй ч заримдаа үнэлж боломгүй үнэт зүйлс чухамхүү тэдний гарт орсон нь бий. Дээрх олдвор ч бас ийм хувь зохиолоор “хар археологич”-дын гарт орсон билээ.

Нөгөө залуу олсон олдвороо “гоё” харагдуулахын тулд машины зэврэлтээс хамгаалдаг шингэнийг ашиглажээ. Үүний дараа “бараа”-нд нь 50 мянган рубль бэлнээр өгч чадах худалдан авагчийг олсон аж.

-Булш тоногчид иймэрхүү олдворуудын үнэ цэнийг мэддэггүй гэж та бодож байна уу? хэмээн Александр Зорин асуугаад өөрөө ийн хариулав

-Тэд их сайн мэднэ. Гэхдээ өөрсдийнхөө хэмжээнд гэх үү дээ. Чулуунууд нь гялалзаж л байвал энэ бол зарж болох бараа байна гэж ойлгодог. Харин дээрх залуугийн олдворыг худалдан авсан хүн нь юмны үнэ цэнийг хамаагүй гадарладаг нэгэн байсан юм билээ. Тиймээс дамлаж зарахдаа илүү өндөр үнэ хэлсэн байдаг…

Нээрээ л олдворын дараагийн “эзэн” нь 3-5 сая рубль төлөх чадвартай худалдан авагчдыг олсон байдаг. Тэгээд Брянскаар дамжуулан Украин руу дамлаж зарах санаатай байхад нь “хар” болон жинхэнэ археологичдын аль альтай нь холбоотой ажилладаг нэгэн археологич олж мэджээ. Энэ л хүн эдгээр хосгүй олдвор болон удахгүй явагдах наймааны талаар Железногорскийн археологичдод хэл өгч, нөгөөдүүл нь цаашаа Курскийн мэргэжил нэгт андууддаа мэдээлсэн аж. Ингээд Курскийн музейн археологичид түгшүүр зарлан Холбооны мөрдөх товчоо, Дотоод явдлын яамыг түргэн авахуулжээ.

Хууль сахиулах байгууллагууд эхэндээ ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх учраа олохгүй байв. Гэвч түүхийн үнэт зүйлс юу юугүй хил давах нь тодорхой болсон учраас эргэлзэх тээнэгэлзэх цаг байсангүй. Ажиллагааг ганц шөнийн дотор л амжуулжээ. Булш тоногч болон дамлагчийн нэр усыг нь мэдэж байсан тул тэднийг баричлан түүхийн олдворуудыг хураан авсан байна.

2011 он. Хууль сахиулах байгууллагын хураан авсан эд өлгийн зүйлсийг Курскийн Археологийн музейд ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв. Харин баривчлагдсан хоёрт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ингээд Курскийн музейн ажилтнууд болон ОХУ-ын ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгээс томилсон Олег Радюш ахлагчтай баг гээд жинхэнэ археологичид булш тоногчийн ухсан газарт хүрэлцэн очжээ. Булш тоногчийн сонирхолыг татаагүй өнөөх янз бүрийн төмөр, яснуудыг дор нь олов. Тэдгээрийн дотор адууны болон хүний ясны үлдэгдлүүд байжээ. Үүгээр нь газар дор булш байгааг түвэггүй ойлгов. Харин авсыг нь олж чадаагүй аж. 1980-аад оны үед явуулсан барилгын ажил болон нөгөөх булш тоногчийн гайгаар авс нь бүрэн сүйрчээ.

Малтлагын үр дүнд булшинд дайчин эрийн шарил болон гоёмсог тоноглолтой морины сэг байгааг илрүүлжээ. Харин цаг хугацааны хувьд Хүннү гүрэнд буюу Дэлхийн их нүүдэл явагдсан манай эриний 5 дугаар зуунд хамаарагдах нь эргэлзээгүй байлаа.

Булшнаас нийтдээ 300 гаруй эд зүйлс гарсан тул дахин давтагдашгүй түүхийн онцгой дурсгалд тооцогдох болов. Эд зүйлсийн тоо ширхэг, иж бүрдэл, эртний байдлаараа болон бидний үед хадгалагдан үлдэж чадсанаараа ОХУ-ын хэмжээнд цор ганцад тооцогдоно.

-Энэ олдворууд хэдий хэр үнэд хүрч болох талаар хэлэхэд хэцүү. Хар захын ханшаар багцаалдвал 20 мянгаас 1 сая долларын дотор хэлбэлзэх болов уу. Юутай ч, эхлээд шинжилж үзнэ. Химийн найрлагаараа аль нь алт, аль нь бүрмэл, мөн аль нь хайлш байна гэдгийг тогтооно хэмээн 2011 оны зун Александр Зорин ярьж байсан юм.

Түүх, соёлын дурсгалт зүйлсийг, тэр дундаа археологийн олдворуудыг үгүй хийсэн, гэмтээсэн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог. Нийтлэлийн эхэнд дурдсан ахар бодолтой булш тоногчийг үнэт олдвороо төрд бус ашиг олох зорилгоор худалдахыг санаархсан хэрэгт буруутган 150 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноожээ. Харин Брянскийн дамлагч олдвороо төрд тушааж үнэлгээний тал хувийг нь урамшуулал болгож авахын оронд шоронд хоёр жил хоригдох ялаар “шагнуулсан”. Гэтэл энэ этгээд үнэт зүйлст дурмэдэн гар хүрч “сэргээн засварласан” болох нь сүүлд тодорхой болсон юм.

Курск мужийн Портос

2011 оны зургаадугаар сарын сүүлч. Курск хот. Археологийн музейн сан хөмрөг хадгалагч Александр Зорин гоёмсог, цэвэр алт гэмээр эдлэлүүдийг ширээн дээр дэлгэн бидэнд харуулаад

-Хүнтэй хамт эмээл, хазаартай морийг оршуулсан цорын ганц булшийг бид оллоо. Дотроос нь алтаар бүрсэн хуйтай сэлэм хоёрыг, мөн хоёр “алтан”, нэг “мөнгөн” агсарга, гоёмсог иж бүрэн тоног болон төрөл бүрийн бүснүүдийг малтаж гаргасан. Бүснүүдийн арлыг анар болон өнгөт шилээр чимэглэсэн байсан бол гурван агсарганы арлыг пааландаад дээр нь анар болон ногоон өнгийн шилээр хээ хуар урласан байсан. Олонх эд зүйлийг нь мөнгөөр эсвэл зэсийн хайлшаар хийж алтаар бүрсэн байна лээ. Цэвэр алтан эдлэл цөөн. Санкт-Петербургийн нэгэн судлаач бүсгүй эртний энэ хүнийг анхандаа “Портос” гэж хочилж байлаа. Яагаад гэвэл, түүний эдлэлүүдийн ил харагдах хэсгийг нь алтаар, нүднээс далд хэсгийг нь мөнгө эсвэл хүрлийн хайлшаар хийсэн байсан. Тиймээс анхандаа дайчин эрийг цол хэргэмээ голж өөрт буй боломжоосоо илүү харагдахыг хичээдэг байсан болов уу гэх сэтгэгдэл төрж байсан гэв.

Гэвч өргөн дэлгэр судалгаа болон сэргээн засварлах ажлын явцад дээрх хоч огт тохирохгүй гэдэг нь ойлгомжтой болсон юм. Учир нь үл таних дайчны бүх эд хэрэглэлийг паалан тавих, алт, мөнгө, зэс бөмбөлгөөр болон утсаар угалзлан хээлэх гэх зэрэг олон төрлийн технологийг эзэмшсэн өндөр түвшний дархчуул урласан болох нь тодорхой болжээ. Эдгээрийг тусгайлан захиалгаар хийлгэсэн нь илт бөгөөд ёслолын шинжтэй тул маш үнэтэйгээс гадна бүдүүлэг нийгмийн цэргийн дарга нарын дунд дэлгэрч байсан түгээмэл загвартай аж. Гагцхүү аль нийгэмд амьдарч байсан юун хүн бэ гэдэг нь сонирхол татаж байлаа.

-Эдгээр эд зүйлс Дэлхийн их нүүдлийн үеэр Атлантын далайгаас Уралыг хүртэлх улс гүрнүүдэд өргөн дэлгэр тархсан загвартай байна. Өөрөөр хэлбэл, V зууны эхэн үед буюу Хүннүгийн үед Хар тэнгисийн хойд эрэг хавиар амьдарч байсан европчуудын хэрэглэл гэдэг нь тодорхой. Харин энэ булш хэнийх вэ гэдгийг тогтоох нь чухал. Юутай ч, тухайн үеийн тоймшгүй олон цэргийн жанжны нэг бололтой. Яс нь хадгалагдан үлдээгүй учраас аль үндэстэн байсныг тогтоох боломжгүй байна. Энэ хүн монголжуу царайтай хүннү үндэстэн байжээ гэж итгэлтэй хэлэх арга алга хэмээн Олег Радюш ярилаа.

Булшинд байсан гавлын ясны хэлтэрхийнүүдээс тэр хүний яс үндсийг тодорхойлж чадаагүй аж. Гэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүннүчүүдийн алтыг олсон талаар шуугиад эхэлсэн. Тийм дээ, “Хүннүгийн үеийн алт” гэхээр чимэг багатай сонсогдож таарна.

Волниковкагийн булшин доторх эд зүйлстэй хийцээрээ ойролцоо эд өлгийг өнгөрсөн он жилүүдэд Казахстан, Самар муж, Кабардино-Балкар, Крымын хойг, Польш, Австри, Франц, Шотланд зэрэг улсын газар нутгаас илрүүлж байжээ. 375 онд хүннүчүүд Европ руу довтолсноор Дэлхийн их нүүдэл өрнөсөн гэдэг. Хүннүчүүд Евразийн их тал, Ижил мөрөн, Урал орчмын овог аймгуудыг нэгтгэсэн хүчтэй гүрэн байсан төдийгүй Европын талыг эзлэн захирч явжээ. Үүний зэрэгцээ Хүннүгийн хамгийн алдартай, агуу жанжны нэг догшин Аттила энэ гүрнийг 434-453 онд захирч байхдаа Рейн мөрнөөс Хар тэнгисийн хойд хэсгийг хамран амьдарч байсан бүдүүлэг овог аймгуудыг өөртөө нэгтгэж чадсан байдаг. Европчууд өнө эртнээс өнөөг хүртэл “дорно зүгээс аюул” ирнэ хэмээн эмээж явах болсон нь магадгүй тэр цаг үеэс эхлэлтэй байх.

-Булшны эзэн нь цэвэр хүннү гэж бид баталж чадахгүй. Гэхдээ түүнтэй хамт булшилсан эдлэлүүдээс харахад яалт ч үгүй хүннүчүүдэд хамааралтай мэт. Сэлэмний толгой, бариулыг нь үзвэл талийгаач хүннү үндэстэн биш юм гэхэд хүннүчүүдтэй их л ойр явсан нэгэн гэж хэлж болохоор. Нөгөө талаар, түүнийг нэлээд зэлүүд талд буюу хамгийн ойр суурингаас хэдэн арван километрийн наана оршуулсан байгаа нь V зууны үед амьдарч байсан хүмүүсийн, тэр дундаа Хүннү гүрний овог аймгуудын оршуулах ёс заншлыг санагдуулна. Тэд хүний нүднээс далд, гол төлөв эргийн энгэр, бэл орчмоор талийгаачдаа оршуулдаг байсан. Дэлхийн их нүүдлийн үед талийгаачдын булшийг тонуулахгүйн үүднээс хүнгүй шахам газар нутаглуулж байсан уламжлалтай. Омгийн ахлагчаа оршуулахдаа авсанд нь үнэт эдлэл хийгээд нутаг сэлгээд явчихдаг байсан юм билээ хэмээн оршуулах зан үйлийн талаар Александр Зорин тодорхой ярьж өгөв.

2011 оны зургаадугаар сард Москва хотноо “Хувьсаж буй дэлхийн хувьсаж буй музей” хэмээх Потаниний нэрэмжит сангийн грант олгох найм дахь удаагийн тэмцээний дүн гарч ялагчдыг зарласан юм. “Хүннүчүүдийн алт” гэсэн нэртэй Курск мужийн археологичдын төсөл нэг ялагчаар нь тодорсон. Шагналын мөнгөний ачаар Москва, Санкт-Петербург, Тула болон Курск мужуудын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн “хүннүчүүдийн алт”-ыг судлах, сэргээн засварлах өргөн цар хүрээтэй төслийг богино хугацаанд эхлүүлэх боломжтой болсон юм.

Яагаад гэвэл, ийм төрлийн өмнөх олдворуудыг судалгааны орчин үеийн тоног төхөөрөмжтэй нийслэлийн музейнүүд яаж ийж байгаад татаад авчихдаг байж. Харин “хүннүчүүдийн алт”-ыг онцгой тохиолдол гэж үзсэн учраас Курскт нь үлдээхээр шийджээ. Үүний тулд Курск мужийн Археологийн музейд байршуулах талбайг бэлдэх (дохиоллын систем тавьж, лангуу байрлуулахаас гадна музейн барилга XVIII зууных учраас засвар хийх)-ээс өгсүүлээд өндөр өртөгтэй сэргээн засварлах ажил болон судалгаа шинжилгээ явуулах, олдворуудын гэрэл зургийг авах гээд олон зүйлийг хийх шаардлага тулгарчээ. Тиймээс мэргэжлийн хүмүүс байхгүй л бол энэ ажлыг эхлүүлэх боломжгүй байсан гэж Александр Зорин ярьж байлаа.

Археологичид болон сэргээн засварлагчид их мундаг хүмүүс. Тэдэнд ажил даалгахад түүхийн үнэнд нэлээд дөхөж очих үр дүнг олтлоо хэзээ ч зогсдоггүй юм билээ.

Улс төрийн маргаантай зурвас үе

2011 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербургийн Соёлын биет өвийн түүхийн хүрээлэнгийн болон Эрмитажийн ажилтнууд судалгаа шинжилгээ явуулжээ. Шинжилгээгээр эртний эдлэлүүдийг алт, мөнгө, зэсийн хайлшаар хийж, зарим газар нь алтаар бүрж, улаан чулуу болон өнгөт шил оруулсан болох нь батлагдсан байна.

Шинжилгээний ажлын үеэр хөгжилтэй гэхээс илүү харамсмаар нэг явдал болжээ. Шар төмөрт шигтгэсэн улаан чулууны нэг нь онцгой тод, тунгалаг байдлаараа маш их анхаарал татаж байсан аж. Энэ чулууг анар юм уу бадмаараг гэж таамаглан шинжилж үзтэл өнөө үеийн хуванцар, харин суурь нь нэг муу төмрийн хайлш байсан нь илэрч мэргэжилтнүүдийн голыг харлуулжээ. 2 жилийн ялаар шийтгүүлсэн Брянскийн дамчин олдворын тоог олшруулж өндөр үнэ хүргэхийн тулд янз бүрийн зүйлсийг өөрөө нэмж хийсэн нь ингэж илрэв. Орчин үед ийм л танхай болсон байна.

Энэ оны хоёрдугаар сард булшнаас гаргасан нэг сэлмийг сэргээн засварлаж дуусахад мөн л харамсмаар дүр зураг буужээ. Засалчийн тайланг уншихад задлан шинжилгээний эмчийн дүгнэлт юм уу гэмээр сэтгэгдэл төрнө. “Энэ хэсэгт булш тоногч хүрзээр цохисон байна… Энэ хэсгийг мөн л булш тоногч хэмхэлсэн байна… Энэ хэсгийн мөнгөн цаасыг урсан байна… Зарим эд ангийг нь ахин сэргээх боломжгүй болсон байна” гэх зэргээр бичсэн байх юм.

Булш тоногчдын энэ мэт балмад үйлдлүүд Курскийн Археологийн музейн ажилтнуудыг 1925 оны Үндсэн хуулийг эргэн санагалзахад хүргэжээ. Уг хуульд археологийн эд өлгийн баримтуудад хор хөнөөл учруулсан тохиолдолд ямар хариуцлага ногдуулах талаар тодорхой тусгасан байсан аж. Хувьсгалын дараах үед булш тоногчидтой тэмцэх асуудал мөн л хурцаар тавигдаж байсан учраас үйлдвэр, байгууллагуудын дарга нар хүртэл “энд тэнд нүх ухуулахгүй”-н тулд онцгой хяналт тавьж байжээ. Нэлээд хатуу арга хэмжээ авсаны ачаар булш тонох явдлыг зогсоож чадсан гэдэг. Харин өнөө үед ямар арга хэмжээ авбал үр дүнд хүрэх бол?

-Хар археологичдыг барья гэж бодохгүй байгаа бол тэднийг хэзээ ч барьж чадахгүй. Эрх зүйн орчнын нь хувьд эрдэнэсийн сан хайх явдлыг хуулиар хориглоогүй байдгаас гадна археологийн түүх дурсгалын эд зүйлсийн олонхийг нь нүдэн баримжаагаар ялгаж тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ хуулиа мэдэхгүй гэсэн шалтаг тоочин хариуцлагаас мултрах боломжгүй. Славянчуудын гархин хуягтай орооцолдох хүсэлтэй хүн цөөн байдаг бол “хүннүчүүдийн алт” мэтийг худалдан авах хүн захаасаа авахуулаад гарч ирнэ. Тухайлбал, ноднин Украинд булш тоногчид ийм маягийн олдвор олсон байсан. Бид анх интернетээс тэр тухай олж мэдээд хоёр ширхэг зургийг нь л харж амжсан. Тэгээд л тэр. Олдвор байсан уу гэвэл байсан. Харин одоо байхгүй. Алга хийчихсэн. Археологийн олдворыг эрдэнэсийн сан хайгч нэгэн олсон гэдгийг хүн бүр мэдээд байхад чинь цаадах нь “би юм хайгаагүй, ногооны талбайнаасаа л олсон” гэх зэрэг мянган тайлбар хэлчихдэг хэмээн Александр Зорин ярилаа.

Волниковка тосгоноос илрүүлсэн булшны эд зүйлсийг судлах ажил үргэлжлэн явагдана. Гэсэн хэдий ч шинжээчид өнөөдөр ч болов ОХУ-ыг ямар үнэтэй биет өвөөсөө салах шахсаныг олон нийтэд тайлбарлахад бэлэн байна.

Учрыг ухвал, Волниковкагийн эдгээр эрдэнэс Курск мужаас олдсон анхны эд зүйлс биш юм. Анх XIX зууны дунд үед Обоянск хушуунд манай эриний IV-V зууны заагт хамаарах Дэлхийн их нүүдлийн үеийн түүх дурсгалын эд зүйлсийг илрүүлж байжээ. Харин XX зууны эхэн үед Большесолдатск дүүргийн Большой Каменец тосгоны Сужа голын эргээс үнэт зүйлсээр баялаг хоёр санг олсон байдаг. Тэгвэл Волниковкагийн энэхүү булш яагаад цорын ганцад тооцогдох болов?

-ОХУ-ын нийт нутаг дэвсгэрт, тэр дундаа яг энэ өргөрөгт ерөөс ийм төрлийн олдвор олдож байгаагүй. Үүнээс өмнө Обоянск хушуунаас эрдэнэсийн сан гээчийг олсон нь өдгөө Москвагийн Түүхийн музейд хадгалагдаж байгаа. Энэ санг бүр 1849 онд илрүүлсэн юм билээ. Харин Сужагийн эрдэнэсийн сангуудыг Волниковкагаас хойш 100 км алс газарт малтаж гаргасан байдаг хэмээн Олег Радюш тайлбарлав.  

-Сужагийн эрдэнэсийн эхний санг 1918 онд олсон юм билээ. Олдворыг олсон хүмүүс ихэнхийг нь тэр үед нууцаар борлуулчихсан гэдэг. Тэр үед төр засаг эрдэнэсийн санг анхаарах манатай байсан цаг. Олдвороос үлдсэн зүйлсийг нь 1928 онд буюу хоёр дахь санг илрүүлсэн жил олж цуглуулан Кремлийн Зэвсгийн танхимд шилжүүлэн өгсөн нь өдгөө ч тэнд хадгалагдсаар байна. Харин Волниковкад илэрсэн булш бол хойд зүгийн хамгийн алсаас олдсон олдвор байгаа юм. Эндээс үндэслээд Курск мужийн нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний хүмүүс Дэлхийн их нүүдэлд идэвхтэй хамрагдаж хүннүчүүдтэй дотно харилцаатай явжээ гэдэг дүгнэлтийг хийж болох нь. Бусдаасаа алс газарт олдсон уг булш манай нутгийн тэр үеийн улс төр, соёлын амьдралын талаарх төсөөллийг өөрчлөхөд хүргэж байна хэмээн Александр Зорин хэлэв.

ОХУ-ын ШУА-ийн харьяа Соёлын биет өвийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ольга Алексеевна Щеглова болон бусад олон судлаач булшин дахь морьт баатрыг “Аттилагийн төөрөлдсөн дайчин биш, амалчуудын овгийн сүүлчийн төлөөлөл” гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүннү биш острогот-герман үндэстний шарил гэж үзэж байна. Эрдэмтэд өмнө нь ч гэсэн Курск мужаас илрүүлсэн олдворуудыг дороо Германы овог аймгуудыг нэгтгэж явсан готуудын вант улстай холбож үздэг байсан юм. Учир нь готуудын ван Германарихийн байгуулсан агуу гүрний бүрэлдэхүүнд өнөөгийн Курскийн газар нутаг багтаж байсныг судлаачид археологийн олдвор болон түүхэн эх сурвалжуудыг үндэслэн хэдийнэ тогтоосон. Харин энэ талаар өмнө нь яагаад ярьж байгаагүй юм бол оо?

-Үүнийг цэвэр улс төртэй холбож үздэг. Ялангуяа Дэлхийн II дайны дараа Оросын нутаг дэвсгэр дээр нэгэн цагт гот-германчууд амьдарч байсныг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Тэд хүннүчүүдийн адил цөөхүүлээ байсан хэдий ч бусад овог аймагт нөлөөлж тэдний хөгжилд түлхэц болсон байдаг хэмээн Олег Радюш ярив.

Готуудын талаар судалдаг Иорданы түүхчийн нотолж буйгаар, Германарих ван бол “Амалчуудын овгийн хамгийн нэр хүндтэй нэг нь байсан төдийгүй хойд зүгийн хамгийн дайчин овог аймгуудыг эзлэн авч өөрийн хууль дүрэмдээ захируулж явсан” ажээ. Хэдий тийм ч Германарихт хүннүчүүдийн довтолгоог эсэргүүцэх боломж байгаагүй юм. Учир нь нас дээр гарсан ван 375 оны үед нас барсан тул остроготуудыг довтлон зарим газрыг нь эзлэн авахад хүннүчүүдэд дөхөм болсон гэдэг. Эзлэн бүслэгдсэн остроготуудын зарим хэсэг нь газар нутагтаа үлдэж хүннүчүүдийн хууль журмыг сахин амьдарцгааж байжээ. Тэднийг Германарихийн төрөл садангууд буюу амалчуудын овгийн хэдэн ван удирдаж байсан аж. Тэгвэл “хүннүчүүдийн алт”-ыг тэдний амьдарч байсан газар нутгаас олсон юм байна.

Волниковкагийн булшийг Ольга Щеглова хувьдаа Боспорын дайчдыг оршуулах ёслолтой холбон үзэж байна. “Хүннүчүүд баруун Европыг уулгалан довтолж байсан тэр үед Днепр мөрний зүүн эрэгт орших Боспорын вант улсад Германы овог аймгууд амьдарч байсан юм. Хүннүчүүд Боспор руу довтлоогүй. Харин Курск муж дахь Сеймийн голыг дагасан газар нутагт Германарихийн гүрэн бутрахад оргож зугтсан германчууд амьдарч байжээ” хэмээн Ольга Щеглова энэ оны тавдугаар сард бичсэн тайландаа ишлэсэн байна.

Буцааж авсан өв

Энэ оны тавдугаар сарын 16-нд Курскийн Археологийн музейд “Хүннүчүүдийн алт буюу буцааж авсан өв” хэмээх үзэгчдийн удтал хүсэн хүлээсэн үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Яг ч алт биш, бас яг ч хүннүгийн булш биш байтал “хүннүчүүдийн алт” гэсэн нэршил бүр хэвшиж орхисон байна. Юутай ч Волниковкагаас олдсон эд өлгийн зүйлс хар археологичдын гараас мултран найдвартай гарт орлоо.

Курскийн музейн ажилтнууд ийм өндөр түвшний, мөн ийм олон тооны олдвор нийслэлд бүү хэл, ОХУ-ын аль ч музейд байхгүй гэдгийг онцгой бахархалтайгаар мэдэгдэж байна. Энэ өдрөөс хойш эдгээр зүйлс “нутгаа” хэзээ ч орхихгүй. Үзэсгэлэнгийн журмаар л Курскээс гадагш гаргах байх.

Дээр өгүүлсэн түүхийн гол баатар нь археологичид, сэргээн засварлагчид, түүхчид, музейн ажилтнууд гээд гайхамшигт олдворыг эргэж амилуулсан хүмүүс байлаа. Сонирхуулахад, булш тоногчдын “гавьяа”-г тэд мартсангүй. Музейн ажилтнууд гайхамшигт олдвороо танилцуулахын зэрэгцээ эрдэнэсийн сан хайгч гэх балмад этгээдүүд түүхийн эд өлгийн зүйлст ямар хор хөнөөл учруулдгийг бодитойгоор харуулж байна.

Эх сурвалж: http://uynaa.wordpress.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж