Саудын ван эрх мэдлээ хаан ширээ залгамжлагчдаа шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Саудын ван эрх мэдлээ хаан ширээ залгамжлагчдаа шилжүүлэв

Саудын Арабын ван Абдалла анх удаагаа бүрэн эрхээ өөр хүнд тухайлбал хаан ширээ залгамжлагч Салманд дамжуулаад өөрөө гадаадад явжээ.

“Айлтгах нь: Манай эзнийг вант улсаас гадна байх хугацаанд улс орноо удирдан, манай хамжлагуудын ашиг сонирхлыг сахин байхыг Салман жононд даалгасугай” гэж хааны зарлигт өгүүлжээ.

Одоо 89 настай Абдалла ямар зорилгоор, хаашаа явсныг түүний захиргаанаас мэдээлсэнгүй. Мөн гадаадад хэдий хугацаанд байх талаар мэдээлэл байхгүй байна. Өндөр настай, эрүүл мэндээр тааруу вантан АНУ-д очиж эмчлүүлэх гэж байгаа гэсэн яриа гарчээ.

Исламын орнуудын бага хурал болох үеэр ван хоёр долоо хоногийн өмнө Мекка хотноо олны өмнө харагдсан. Тэр үед Абдаллаа хурлын төлөөлөгчидтэй ярилцахад ер нь өвчин эмгэгтэй хүн гэж харагдахааргүй байжээ.

Гэхдээ л вантан өвчтэй, идэвхтэй ажиллаж чадахгүй болсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Үүнд албан ёсоор энд тайлбар хийгээгүй байгаа юм.

Өмнөх залгамжлагч Найефийг нас барсны өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Хаан ширээ залгамжлагч цолыг Салман жононд олгосон. Салман 1935 онд төрсөн 50 гаруй жил Эр-Рияд мужийг захирч байгаа. Үүний зэрэгцээ тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Саудын Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. Вант улсад түүнийг улс төр ба нийгмийн зарим нэг шинэчлэл хийх чадвартай төвийг сахисан улстөрч гэж үздэг ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж