Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Бүтээмжгүй Монгол

Монголд үйлдвэрлэл байна уу. Архи тамхи, талх тариаг эс тооцвол хэдэн эсгий шаахай, загвар муутай ноолууран бүтээгдэхүүнээс өөр үйлдвэрлэл байна уу. Гэтэл монголчууд өөрсдийгөө хөгжиж байна л гэж бодож байгаа байх. Гадаадын ганган чамин машин унаж, энд тэнд болсон болоогүй барилга барьж, дэлхийн брэнд өмссөнөө  бүтээмж гэж эндүүрэхгүй юм бол Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж үнэндээ алга. Хүмүүсийн чадваргүйгээс хөдөлмөрийнх нь бүтээмж суларч, үйлдвэрлэл  нь уналтын байдал шилжчихсэн үү гэвэл үгүй. Үнэндээ сүүлийн арав гаруй жил ашигт малтмалын экспортын орлогыг шүтэж, үүнийгээ эдийн засгийн өсөлт гээд ойлгочихсон, байгалийнхаа баялгийг тэр чигээр нь түүхийгээр хямдхан экпортолж,  түүнээс олсон орлогоо бэлэн мөнгө хэлбэрээр тараах болсон  Монгол төрийн бодлогын гажуудлаас болоод монгол хүний хөдөлмөрийн бүтээмж байхгүй болчихсон хэрэг шүү дээ. Яг үнэндээ эдийн засгийн өндөр өсөлт нь ашигт малтмалын экспортын орлогын өсөлт, бөгөөд тэр нь нүүрсний худалдаа хийдэг хэдхэн компаний хөрөнгө өссөн явдал. Түүнээс бус монгол бүр бүрийн үнэмлэмж нэмэгдэн, бүтээмж сайжирч орлого нь өсч, тэр хэрээр улс орны эдийн засаг өндөр өсөлттэй гарчихсан юм биш.

Монголд татварын ачаалал хэдийгээр бага худалдаа наймаа нээлттэй ч бизнес эрхлэхэд төрийн дарамт цөөнгүй байгааг нэгэн өвгөн профессор эдийн засгийн чуулганы үеэр ярьж байсан билээ. Нээрэн ч  нэг хэсэг боловсруулах үйлдвэрүүд борооны дараах мөөг шиг олширсон ч  төрийн албаныхны дарамт, санхүүгийн хямрал, монополиудын түрэмгийлэлээс болж дампуурцгааж, хэдийгээр сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрүүд олноор төрсөн ч тэр нь өөрсдийгөө хэрэгцээнээс илүүг үйлдвэрлэж чадахгүй жижигхэн хэвээр л байгаа. Бидэнд жижиг үйлдвэрүүдээс илүү том, томоохон хэмжээний боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр сүүлийн хоёр жилд жижиг дунд үйлдвэрийн тоо цөөнгүй нэмэгдэж, тэр хэрээр ажлын байр өссөн ч эдийн засагт өгөх үр өгөөж багатай.

 Монгол Улсын нийт экспортод ашигт малт­малын бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх оны мөн үеэс гурван нэгжээр нэмэгдэн 91 хувьд хүр­чээ. Хальтхан сонсоод өнгөрвөл сайхан мэдээ ч харамсалтай нь бусад экспортын бүтээгдэ­хүү­ний хувийн жин гурван хувиар буурсан гэхээр  Монго­лын улсын төсвийг уул уурхайн бүтээгдэ­хүүний экспортоос олсон орлого бүрдүүлж буй хэ­рэг юм. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ уналт­тай байгаа хийгээд нүүрсний экспортын орлого өн­гөр­­­сөн оноос буурсан, Грекээс улбаатай евро­бү­­сийн хямрал, Хятадын үйлдвэрлэлтийн уналт­тэй зэрэг­цэн Монголын нийт экспортын 91 хувийг ашигт малтмал эзэлж байна гэхээр бүтээмжгүй, өрсөл­­дөх чадваргүй манай улсын эдийн засаг хям­рахад тун ойрхон байна гэсэн үг. Яг үнэндээ Хятад улс хэдэн хоног хилээ хаалаа гэвэл Монго­лын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх нь тодорхой.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт нь ашигт малтмалын экспортын 92, нийт экспортын 83 хувийг тус тус эзэлж байгаа гэхээр дэлхийн зах зээлд дээрх ашигт малтмалуудын үнэ навс уналаа гэвэл Монгол Улс хоосрох нь тодорхой байгаа биз.  Өөрсдөө юу ч үйлдвэрлэхгүй, газрын хэвлий доорх  баялгаа түүхийгээр нь эскпортолж түүнийгөө өндөр өсөлт хэмээн хөөрцөглөөд байвал Монгол Улс яаж хөгжих юм бэ. Монгол Улс дэлхийд биш юм аа гэхэд Азид тэргүүлэх улс болохыг мөрөөдсөөр ирсэн.  Харамсалтай нь үйлдвэрлэлгүй, бүтээмж­гүй Монголын том мөрөөдөл хэзээ биелэх нь таам­лаглашгүй.Бүтээмж бол улс орны өрсөлдөх чад­варын нэг хэлбэр гэдэг.  Монгол Улсын өрсөлдөх чад­варын тайлангаас харахад өрсөлдөх чадварын ерөн­хий оноо маань 2010 онд 24 байсан бол 2011 онд 28 болж өссөн байна. Гэвч 2010 онд Мон­го­лын ард жагсаж байсан Украин улс оноогоо ог­цом өсгөснөөс эрэмбэлэлийн хувьд бид нэг байраар ухарч, харьцуулж буй 15 орон дундаа сүүл муш­гижээ. Энэ нь бусад орон  өрсөлдөх чадвараа бид­нээс хурдан сайжруулж буйг харуулна. Аргагүй ч байх, бүтээмжгүй Монгол яаж өрсөлдөх чадвартай байх билээ дээ. Өрсөлдөх чадваргүй улс орны хувьд мэдээж хөгжлийн тухай ярих нь илүүц биз.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж