Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Эсрэгцэл… Хэл шинжлэлийн ухаан, тооны ухаан бүхий л шинжлэх ухаанд байдаг шиг томъёо ярьж цэцэрхэх гэсэнгүй. Зүгээр л энэ үгийг хэлмээр санагдлаа. Эсрэгцэл, эсрэгцэл, эсрэгцэл….

Бид чухам ямар засаглалаар яваад байна вэ? 76 хүнийг УИХ-д суулгаад, хууль батлаад байгааг харвал парламент мөн. Гэхдээ гишүүд нь сайдын суудалд суучихдаг гэж байгаа. Парламентын тогтолцоо бол хяналт. Тэд засгийг бүрдүүлээд гаднаас нь хянадаг. Гэхдээ бид хяналтаа алдаад удаж байна. Яагаад гэвэл сайдын суудалд, УИХ-ын гишүүн давхар сууж байгаа болохоор. Үүнээс харвал холимог ч юм шиг. Ингэж бодвол бас л биш. Холимог тогтолцоотой оронд Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулж, Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Ерөнхийлөгч парламентыг тараах эрх эдлэх ч, Засгийн газрыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хамтдаа хэрэгжүүлнэ гээд ойлговол бүр ондоо болоод хувирчихна. Тэгэхээр бид засаглалын хэлбэртэйгээ эсрэгцэж, дэлхийд байхгүй замналаар л яваад байна.

ДОХ-ын эсрэг хамтдаа гэх уриаг бид ДОХ-ын тохиолдол гурав байхад хашгичиж эхэлсэн. Гэтэл өдгөө ДОХ-ын тохиолдол 111-т хүрчээ. Нөгөөх л уриа хэвэндээ. Анхнаасаа бид ДОХ-ын эсрэг байгаагүй ч юм шиг. Иймэрхүү уриа нь эсрэгцсэн олон зүйл бий. Архины эсрэг хамтдаа, Авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэе, Утаагүй Улаанбаатарын төлөө гээд явж өгнө. Гэхдээ үр дүн нь хаана хүрээд зогсч байгааг хэн ч үл мэдэх бөлгөө. Авлигын индексээр бид байрандаа, архинд толгойгоо мэдүүлэгчдийн эгнээ нь буурахгүйгээр барахгүй нэмэгдсэн, утаа нь өмнөхөөсөө ихэссэнийг хэн бүхэн мэдэж байгаа.

Урлаг, улс төр холилдож бас нэгэн эсрэгцэл үүсгэчихжээ. Энэ эсрэгцэл 1998 оноос эхлэсэн түүхтэй. Тэртээ тэргүй урлагыг үзэл суртлын зэвсэг болгож байсан социализмын үеийг оруулахгүйгээр шүү дээ. 1998 онд бүх одод хамтарч “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэсэн дууг залуусын жилд зориулж дуулсан учиртай. Одоо иймэрхүү хамтарсан дуунууд маш олон болсон. Хамгийн сүүлд л гэхэд МАН-ын дууг Outlaw, A-Cool гэж өөрийгөө нэрийдсэн хэсэг одонцорууд “Би итгэж байна” нэртэйгээр дуулсан билээ. Юм бүхнийг чөлөөтэй сэтгэж болох авч бид улстөрчдөөс дэндүү хараат, тэдэнгүйгээр юм сэтгэхээ больчихож. Бүр кино нь хүртэл шүү. “Долоон бурхан харвадаггүй”, “19” гээд сонгуулийн реклам болсон кино сүүлийн сонгуулиар ч мэндэллээ. Түүхийн зарим нэг хэлхээсийг бид уран сайханжуулсан байгааг та эдгээр кинонуудаас харж болно. Хэдийгээр үзэл суртал нэвт шингэсэн социализмын үеэс зарим нэг нь бодит түүхтэйгээ ойртсон ч, хэтэрхий дэгсдүүлснийг хэлэх хэрэгтэй. Сүүлдээ бүр шинэ тоглолт, шинэ кино, шинэ жүжгээ Төрийн ордондоо нээдэг болсон нь хачирхалтай гэмээр эсрэгцэл.

Яг үүнтэй адилхан эсрэгцэл өнөөгийн сэтгүүлзүй, бизнес хоёрт үүсчихсэн байгаа. Сэтгүүлчид аливаа нэгэн нам, улстөрийн хүчин, бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч ч юм шиг, эсвэл тухайн компанийн маркетингийн төлөөлөгч ч юм шиг болчихсоныг нуух зүйлгүй. Харин бизнес эрхэлдэг хүмүүс улстөрч ч юм шиг эсвэл тэднийг авлигадаж ард байдаг лоббичид ч юм шиг эргэлзээтэй байгааг хэлэхэд илүүдэхгүй.
За тэгээд өөр эсрэгцээд байгаа зүйлсүүд олон. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нь багшлах боловсон хүчин, материаллаг баазтайгаа эсрэгцэнэ, доктор, профессор багш нар нь заах арга барилтайгаа эсрэгцэнэ, цагдаа, төрийн ажилтнуудын мэдлэг нь албан тушаалтайгаа эсрэгцэнэ, авч байгаа цалин хөлс нь инфляцитайгаа эсрэгцэнэ.

Нэг иймэрхүү эсрэгцсэн нийгэмд амьдарч байна. Одоо бүр эх дэлхий хүртэл улирлаа сольж эсрэгцдэг болж. Зун болохгүйгээр намар болчихлоо…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж