Сонгуульд оролцсон нам, эвслүүдийн сонгуулийн хандив болоод зарцуулалтыг ил тодоор мэдээлэх ёстой. Төрийн албан дахь авлигаас гадна улс төрийн нам хүчнүүдийн “дотоод” авлига гэгч үзэгдэл болоод бүр наад зах нь намуудад хэн хэдий хэмжээний хандив өгсөн болоод аль нам хүчин хэдий хэрийн хөрөнгө зарцуулсан нь үүгээр ил болох ёстой. Харамсалтай нь сонгуулийн дараахь халуун өдрүүд болоод шинэ Засгийн газрын “мэндчилгээ”-тэй зэрэгцээд үүнийг анхаарч байгаа шинж алга. Угтаа бол яг энэ томилгооны үеэр цаашилбал дараагийн дөрвөн жилд ч намуудын “саалийн үнээ”-нүүд давуу байдал эдлэх вий гэдгийг харж байх ёстой. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн хандив болоод зарцуулсан хөрөнгийн талаар өөрийн вэб сайтдаа мэдээлэл гаргаад байгаа. Гэхдээ энд бас асуулт олон л байх шиг
УИХ-ын сонгуулийн хуулийн 40.3-т “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна” гэж зааснаас харвал ямартаа ч намууд сонгуульд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдгийг мэргэжлийн аудитын байгууллага хянах ёстой гэсэн үг. Мөн хуульд “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэснээс нь харвал нам, эвслийнхэн нь ч хяналт орсон тайлан өгөх ёстой байсан болж таарав. Гэтэл одоогоор ил болгоод байгаа тайланд аудит хийлгэсэн гэмээр зүйл алга. Ердөө л “хэн хэн хэдэн төгрөг өгснийг аль нам юу юунд зарцуулсан бэ” гэдгийг л хүснэгтээр үзүүлсэн хэрэг. Уг нь нэг нь өгч, нөгөө нь авах энэ харилцааг “заавал аудитын дүгнэлт”-тэй байлгах гэсэн нь учиртай. Сонгуулийн жил бүр л албан тушаал авахын тулд мөнгө хандивласан, тойрог худалдаж авсан тухай яриа гарч, улс төрийн намуудыг авлига өгөлцөж авалцсан тухай хардалт хэвлэлийн хуудаснаа үргэлжилдэг. Гэтэл энэ хардалтад бодитой хариу өгчихөөр зүйл лав тайланд алга. Ерөнхийдүү гэмээр тоонууд л жагсаасан байх юм. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11,2 тэрбумыг зарцуулсан бол МАН 10,1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Намуудын нийт сонгуульд зарцуулсан мөнгөний хэмжээ 35,67 тэрбум төгрөгт хүрч гэдгийг л харж болж байна.
“Хүн өөрийнхөө хөдөлмөрөөр, хөлсөө урсган байж олсон мөнгийг хамаагүй цацаад байдаггүй юм” Д.Тэрбишдагва гишүүн МАН-ын гишүүнээс татгалзахын өмнөхөн намд хандив нэрээр авлига өгдөг талаар яриа өрнүүлсэн байдаг. Мэдээж үзэл бодол, итгэл үнэмшлээрээ улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандив өгдөг хүн олон. Гэвч сайхан сэтгэлээр өгч байна уу, эсвэл хожмын өгөө авааны төлөө өгч байна уу гэдгийг ялгах боломжгүй. Үүнийг ялгах боломжгүй ч тэрбум тэрбумаар нь, хэдэн зуун саяаар нь хандив өгч буй бол ямар нэг сонирхол байгаа гэж дүгнэхэд бараг буруудахгүй. Иймдээ ч сонгуулийн хуульд хандивын хязгаарлалт хийж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, ганц нэг хүн их хэмжээний хандив өгөх байдлаар нам, нэр дэвшигчдийг хараат болгохоос сэргийлэхийн тулд хуульд “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно. Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгнө” гэж хуульчилж. Гэвч ийн хуульчилсан ч хуулийн зорилгыг тийм ч хангалттай биелүүлж чадсангүй. УИХ-д өрсөлдөх суудал зэрэгт клиентүүдийн оролцоо мөн л ажиглагдав. Тухайлбал, Ж.Энхбаяр нарын гишүүд “Номтойбаяр тэрбум төгрөг хандивлалаа гээд нэр дэвших эрх нь шууд нээгдэхгүй. Нэр дэвшинэ гээд мөнгө тушаахаараа нэр дэвших эрхээ авчихдаг юм биш. Манай намын Ардчилсан намаас ялгарах хамгийн том ялгаа, давуу тал нь энэ” гэж байсан ч Т.Номтойбаяр улаан цагаан “Манай компани Ардын намын Тусгаар тогтнолын ордонд нэг тэрбум төгрөг хандивласан нь үнэн” хэмээн зарласаар УИХ-д нэр дэвших эрхээ олж авав. Хэл амны бай болсон нь энэ болохоос биш, намд мөнгө цутгаж улс төрд орж ирсэн тохиолдол ганц биш. Мөн зөвхөн МАН-д ч ганцхан байгаа юм биш.
СЕХ-ноос гаргасан Улсын их хурлын 2012 оны сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлажээ. Ингэснээр аль нэг компани дангаараа хэдэн зуун саяар нь хандив өгөх боломжгүй болж. Ийн бөөн бөөнөөр мөнгө орж ирэхээ больсон тул намууд сонгуулийн мөнгөө олохийн тулд охин компаниуд, танил талынхаа нэрийг ашигласан гэнэ. Яг энэ үед 18 насанд дөнгөж хүрч буй залуус банкинд очоод “Энэ намын дансанд нэг сая төгрөгийн хандив оруулах гэсэн юм” гээд зогсч байсан гэдэг. Тайлангаас харвал МАН-д 2525, Ардчилсан намд 3000, Шударга ёс эвсэлд 1300 гаруй хүн нэг сая хүртэлх төгрөгийн хандив өгч. Мөн хандив өгсөн компаниудад УИХ-д нэр дэвшигчдийн гэр бүл, хамаатан садны хүмүүсийн эрхэлдэг бизнесүүд, охин компаниуд ч нэлээд харагдана. Ийнхүү уг жагсаалтад чамгүй олон компанийн ямар намд хэчнээн төгрөг өгсөн мэдээлэлтэйгээ багтаж. Ашиглаж чадвал АТГ-ынханд энэ жагсаалт сүүлд нь хэрэг болно. Ядаж л ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан эсэхийг, аль нэг хэсэг компаниудад давуу эрх олгосон эсэх гэдгийг эдгээр хандивлагчдын нэрсээс шүүж болно. Ах дүү, найз нөхдийнхөө компанийн нэрийг ашиг сонирхлын мэдүүлэгтээ бөглөхгүй байх боломжтой бол нэгэнт гараад ирсэн хандивын жагсаалтыг буцаах боломжгүй. Ингэхээр Сонирхлын зөрчлийн мэдүүлгээс ч дутахааргүй нэгэн баримт АТГ-т бий болжээ гэж үнэлж болж байна. Өнгөрсөн жил шатахуун түгээгүүрийн газрууд үнээ шалтгаангүйгээр нэмсний дараахан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “”Петровис”, “Сод Монгол” зэрэг монополь импортлогчид МАН-аас дэмжлэгтэй учир бөөний үнэд нь хяналт тавиагүй. Тавиагүй орхисон нь ч хандивтай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг” гэж хэлж байсан юм. Энэ бол бизнес эрхлэгчид улс төрийн намуудтай холбоотой, намд дэмжлэг үзүүлснийхээ хариуд бизнестэй дэмжлэг авдаг “энгийн үзэгдэл”-ийн талаар ярьсан энгийн л нэг яриа байлаа. Гэвч энэхүү “энгийн үзэгдэл” нь хуулиар хориотой. Үүнийг хориглохын тулд ядаж сонгуулиар гаргасан тайланг нь мэргэжлийн байгууллагаар хянуулсан эсэхийг нь мэдчих юмсан. Хэрэв аудит дүгнэлт гаргасан бол эрхбиш бидэнд мэдээлэх л ёстой баймаарсан. “Өнгөрсөн сонгуулиар цацсан тэр их мөнгө яагаад тайлан дээр ийм цомхон харагдаад байна” гэдгийг хариуг нь хэлэхгүй бол тэр тайланд чинь итгэж чадахгүй нь.
