Хятадын эдийн засаг Монголыг удирдах уу?

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг Монголыг удирдах уу?

Хонконгийн нэртэй эдийн засагч, профессор Лань Сяньпинийн өнгөрсөн оны
10 дугаар сард уншсан лекц интернэтэд тавигдсаны дараа хэлэлцүүлгийн
жинхэнэ “цунами” үүсгэсэн. Эдийн засагч ямар нэгэн буруутгалгүйгээр шууд
нээлттэйгээр улс орны эдийн засаг нь сүйрлийн ирмэгт ирсэн, статистик
нь худал, Засгийн газрын авч байгаа арга хэмжээ үр дүнгүй гэсэн байна.

Тэрээр
Хятадын эдийн засгийн байдлаар Шэньян хотод дөрвөн цагийн лекц уншихдаа
дууны болон видео бичлэг хийхгүй байх, түүний үгнээс тараахгүй байхыг
гуйгаад “Би өнөөдөр зөвхөн үнэнийг ярина, өнөөгийн Хятад дахь улс төрийн
системд үнэнийг хэлэх боломжгүй” гэсэн тайлбар хийжээ.

Гэсэн ч
сонсогчид үгэнд нь ороогүйгээр барахгүй одоо тэр лекцийн дуу бичлэг
дагавар бичлэгтэйгээр Хятадад интернэтээр таржээ. Хятадын хувьд
стандартын бус лекцийн агуулга нь хүчтэй маргаан өрнүүлэн дэмжигдсээр
байна.

Зарим сайтын модераторууд тухайн үед “улс төрийн эмзэг”
агуулгаас нь болон эдгээр постуудыг сүлжээнээс арчсан. Харин намын
интернэт сурталчид өөрсдийн тайлбар, тоймоор лекцийн хүмүүст үзүүлэх
нөлөөг бууруулахаар оролдсон.

Түүний жилийн өмнө хийсэн
дүгнэлтүүд өнөөдөр  зарим талаар батлагдаж байна. Өмнөд хөршийн маань
эдийн засгийн асуудал  хүссэн ч хүсээгүй ч монголчуудад шууд хамаарна.

Профессор Ланий хийсэн лекцийн товчилсон орчуулгыг доор танилцуулж байна:

-БНХАУ-ын
засаг захиргаа нь дээрээс доош хүртэл худал мэдээ үйлдвэрлэж байна.
Статистикийн бүх мэдээ худал хуурамч. Бүх мэдээлэл хатуу хяналтаар
дамждаг. Хэрэв сөрөг мэдээлэл байвал мэдээлэхийг хориглодог. Хятад дахь
хэвлэл, мэдээллийн өнөөгийн хяналт нь коммунист нам байгуулагдсанаас
хойших 90 жилийн дотор хамгийн хатуу чанга байна.

  • Одоо Дундад улсад бүх зүйл тайван амгалан байна гэж битгий бодоорой,
    үнэн хэрэгтээ муу зүйл­ийг мэдээлж болохгүй. Телевизийн нэвтрүүлэг хийж
    байгаа хүмүүс томоохон хүндрэлтэй тулгарч байна. Засгийн газар, түүний
    үйл ажиллагаатай хол­­­боо­­­­той  мэдээнд маш болгоомжтой хандах ёстой.
  • Саяхан орон нутгийн дөрвөн захиргаанд үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн
    гэдгийг та нар мэдэж байгаа. Үүнийг сайн мэдээ гэж бодож байгаа байх.
    Гэхдээ би та нарт үүнийг төгсгөл гээд хэлчихье. Манай Засгийн газар
    бараг бүрэн дампуурсан.
  • Орон нутгийн засаг захиргааны өр нь манайд 36 их наяд юань (5,5 их
    наяд ам.доллар) болсон, тэд үүнийг  хэзээ ч буцаан төлөхгүй. Ерөнхий
    сайд Вэнь Зябао эдийн засаг мэдэхгүй, түүний энэ салбарын мэдлэгийн
    төвшин нь маш доогуур.
  • Дэлхий дээр зөвхөн манай орны хөрөнгө оруулалтын зах зээлийг нэгэн
    зэрэг “мөсөн”, “галт” гэж  тодорхойлж болно. Ямар ч оронд хөрөнгийн зах
    зээл нь тасралтгүй буурч байгаа хэрнээ бусад зах зээл тухайлбал, үл
    хөдлөх хөрөнгө, автомашин, тансаг хэрэглээний бараа, эртний эд зүйлс
    эрчимтэй өснө гэж байхгүй. Энэ нь улс орны эдийн засаг ноцтой өвчилснийг
    харуулж байна.
  • Улсын статистикийн газраас эдийн засгийн өсөлт 9,1 хувь, инфляци 6,2
    хувь гэж мэдээлэв. Үнэн хэрэгтээ өсөлт байхгүй, инфляци  16 хувьтай
    байна. Өдгөө Засгийн газрын бүх бодлого нь ямар ч аргаар хамаагүй өвчтэй
    эдийн засгаа халаалтаас хамгаалахад чиглэгджээ.
  • Дэлхийн хэмжээний зогсонги байдал нь эхлээд Хятадын эдийн засагт орж
    ирнэ. Долдугаар сараас эхлээд Хятадын ажил хэргийн идэвхийн индекс эрс
    буурч эхэллээ. Энэ үед харин АНУ-ын ийм үзүүлэлт нь 50 хувиас дээгүүр
    байна.
  • АНУ-ын хэвлэл мэдээлэл өөрсдийн талаар зөвхөн сөрөг мэдээлэл тавьдаг
    бол манай хэвлэлээр зөвхөн эерэг үзүүлэлт л гардаг. Манай банкуудын
    хувьцааны коэффицентийн үнэ, ашиг нь яагаад ч дээшлэхгүй байгаа нь эдийн
    засгийн цунамийн урьдатгал юм. 
  • Олон тооны мэргэжилтнүүд байнга зөвлөлдөн байдлыг аврахын тулд яавал
    сайн бэ гэж ажиллаж байхад, засаглалдаа согтсон манай албан тушаалтнууд
    өөрийнхөөсөө өөр санаа бодлыг сонсох чадваргүй байна. Хэрэв та тэдний
    санаа бодолтой таарахгүй ямар нэгэн зүйл яривал тэд таныг өөрсдийн эсрэг
    байна гэж үздэг. 
  • Статистикийн дагуу манай цахилгаан стан­цууд, уул, уурхай зэрэг
    салбарууд ихээхэн өртэй байна. Энэ нь үйлдвэрлэлийн хямралаас үүдэлтэй.
  • Манай аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй нь үнийн бүсгүй тэдний
    орлого бараг тэр чигтээ  татварт хураагдаж байгаа нь орчин үеийн утаагүй
    дайн юм. Энэ дайны дараа манай орон хамгийн ядуу улс болж магадгүй.
  • Хятадын аж үйлдвэр нь үнийн бүрдлээс ангид, дээр нь эрх баригчдын
    алдаатай үйлдлүүд нэрмэж байна. Энэ бүгд нь аж үйлдвэрийг хямралд оруулж
    байгаа.
  • Засгийн хамгийн том алдаа нь татварын хэмжээ, тоог байнга нэмэгдүүлж
    байгаа явдал. Одоо Хятадад шууд ба шууд бус татварт үйлдвэрийн ашгийн
    70 хувийг  хамааруулахад хүргэж байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр
    үзүүлэлт юм.
  • Манайд ч Америкийн үл хөдлөх хөрөнгийн хямрал нөлөөлж байгаа. Энэ
    хямралын жинхэнэ шалтгаан нь фидуциарийн хариуцлагын сүйрэл болно.
    Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал байгаагүй байсан ч Хятадын
    эдийн засгийн  хөгжил  ийм өрөвдмөөр байдалд орох  байсан. Тийм ч
    учраас манайд Европ ба Их Британиас хамаагүй илүүтэй асуудлууд байна.
  • Би Хятадад жинхэнээсээ хайртай учраас хэдий чинээ эрт Засгийн газарт
    хэлнэ төдий чинээ ухаалга шийдвэр гаргахад нь тустай гэж үзнэ.
  • Хятадад үйлдвэрлэлийн хямрал илүү байгаа. Эдийн засгийн байдлаасаа
    болон америкчууд манай барааг худалдан авахаа болилоо гэхэд манай хэт
    үйлдвэрлэлтийн тэсрэлт болох юм. Манай дотоодын хэрэглээ дөнгөж 30
    хувьтай бөгөөд бид энэ бүх бараагаа дотооддоо борлуулж чадахгүй. Том
    үйлдвэрүүд дараалан хаагдаж эхлэхэд юу болох вэ  гэдгийг төсөөлөхөд ч
    бэрхтэй.

Энэ талаар миний сэтгэл ихээхэн түгшиж байна. Америкийн Засгийн газар
зах зээлээ аварч чадах уу гэдгийг би амьсгал даран байнга ажиглаж байна.
Гэнэтхэн АНУ сүйрлээ гэхэд бид хажуугийн энгийн ажиглагчийн байрнаас
“тэнэг” америкийг дооглоод суух ёсгүй. Үүний хор уршиг нь тэднийхээс
илүүтэйгээр бидэнд тусна.

Өдгөө цагт дэлхийн санхүүгийн бүх
асуудлууд өрийн нэмэгдэлээс улам гүнзгийрэх болно. Манай бараа өмнөх
шигээ эрэлттэй байж чадахгүй. Тийм учраас би Хятад зовлонгоос мултрахгүй
гэж ярьж байгаа юм.

Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд үзүүлэлт бүр дээр өсч дээшилж буй мэдээнд эрх баригчид сэтгэл цадаж, нийгмийн үзүүлэлт тутамд уруудан доройтож буй статистикт сөрөг хүчин нь тоглолт хийсээр 2012 оны сонгуультай монголчууд нүүр тулсан. Хавар болсон сонгуулийн үр дүнд сөрөг хүчнүүд тус бүртээ амжилтаа ахиулж, тэр дундаа Ардчилсан нам эрх баригч болон гарч ирлээ. Тус нам эдийн засгийн тэрхүү өсөлтийг иргэдийн амьдрал руу ойртуулахад бодлогоо чиглүүлнэ гэдэг үзэл санааг сонгуулийн өмнө тунхаглаж байлаа. Тэдний энэ амлалт биелэх эсэхээс өмнө эдийн засаг маань ирэх жилүүдэд өсөх эсэх нь нэгдүгээр асуудал болох төлөв байдал ажиглагдаж эхэллээ. Учир нь өндөр өсөлтийг бий болгох уул уурхайн салбарын ирээдүй эрх баригчдаас биш гадаад зах зээлээс шалтгаална.

Монгол Улс эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эдээ борлуулдаг ганцхан зах зээлтэй. Энэ нь өмнөд хөрш БНХАУ. Уг зах зээл унах, босох, нээгдэх, хаагдахаас Монголын эдийн засаг үлэмж хамааралтай. Өөрөөр хэлбэл, чийдэнгийн унтраалга Монголд биш хилийн цаана байдаг гэсэн үг. Нөхцөл байдал маань ийм эмзгийн дээр Хятадын зах зээл хямрах дохиог олон улсын шинжээчид өгч эхэллээ. Мэдээлэл, статистик нь үзэл сурталтай, төрийн хатуу хяналттай Хятадын эдийн засгийн талаар хамгийн бодитой үнэнийг хэн ч хэлж чадахгүй. Тэгвэл бодит үнэнд хамгийн ойр эх сурвалжид тооцогдож буй Хонгконгийн нэрт эдийн засагч, профессор Лань Сяньпинийн лекц жилийн өмнө интернэтэд тавигдсанаасаа хойш хэлэлцүүлгийн “цунами” үүсгээд байгаа юм. Хятадын эдийн засгийн талаарх түүний дүн шинжилгээ, таамаглалууд чухамдаа монголчуудад хамаатай. Монголд асч буй чийдэнгийн унтраалгыг хятадууд нээх үү, хаах уу гэдгийг түүний дүн шинжилгээнд тулгуурлан бодитойгоор тооцоолох ёстой болжээ. Энэ бол эрх баригчдын анхааралд байж, тэднээс бодлого, болгоомжийг шаардах хүчин зүйл.

Профессор Ланий хэлснээр Хятадын эдийн засгийн өсөлт 9.1 хувь, инфляци 6.2 хувь гэж мэдээлэгддэг нь худал бөгөөд үнэн хэрэгтээ өсөлт байхгүй, инфляци нь 16 хувьтай байгаа аж. Хамгийн гол нь Хятадын аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд өртэй, түүнээс гадна төрийн зүгээс хэмжээ, нэр төрлийг нь байнга нэмэгдүүлж ирсэн татварт үйлдвэрлэгчид ашгийнхаа 70 хувийг хураалгадаг гэж Лань Сяньпин илтгэлдээ хэлжээ. Энэ мэт хүчин зүйлээс болоод Хятадад ган, төмөрлөг, хүнд үйлдвэрлэл уналтад орж хаалгаа барихад хүрч байгаа аж. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоход хэцүү биш. Энэ бол Монголын эдийн засагт голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эд зах зээлгүй болно гэсэн үг юм.

Нүүрсний үнэ унасан гэдэг мэдээлэл үнэний хувьтайгаас гадна бодит үндэслэлтэй бололтой. Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн уналт нь уг үйлдвэрлэлийн гол түүхий эд Монголын кокс­жих нүүрсний зах зээлийг хямрааж эхэллээ гэсэн үг. Эдгээр нь Хятадын өөрийнх нь эдийн засагч­дын зүгээс жилийн өмнө хийсэн таамаглал. Жил өнгө­рөхөд үнэний хувь нь улам бүр нэмэгдсэн таамаглал.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монголын экспортын 94.1 хувийг БНХАУ эзэлж байна. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний 46.1 хувь нь нүүрс. Энэ хэмжээний нүүрс Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрүүдийн түүхий эд болдог. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын нүүрсээс хамаардаг гэвэл худал. Харин Монголын нүүрсний зах зээл тэдгээр үйлдвэрээс хамааралтай.

Энэчлэн Монголын эдийн засгийн удирдлага Хятадын зах зээлээс хамааралтайг үзүүлэх жишээ хангалттай олдоно, хэнд ч олдоно. Тэрхүү жишээ болгон нэг гаргалгаан дээр ирж зангилагдана. Тэр нь Хятадаас хамаарч Монголын эдийн засагт тохиргоо хийгдэнэ. Харин энэ үйл явцыг удирдах, хяналтдаа байлгахад эрх баригчид бэлэн үү? Ирэх жилүүдэд Ардчилсан намын тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрыг хүлээж буй томоохон сорилтын нэг нь Хятадын эдийн засгийн уналт байх бололтой.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж