Ч.Дэлгэрцэцэг: Монголын шоу урлаг хөгжиж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Ч.Дэлгэрцэцэг: Монголын шоу урлаг хөгжиж байгаа

Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа чадварлаг хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгийтэй “Рок поп оддын их хуралдай” тоглолтын өмнө цөөн хором ярилцсан юм.


-Таныг эмэгтэйчүүдийн “W” клуб нээсэн гэж дуулсан?

-Би бол уран бүтээлээ хийгээд явж байгаа эмэгтэй хүн. Тэр чигээрээ эмэгтэйчүүдийн сонирхдог, дуртай, хайртай, хүсэж явдаг бүх зүйлийг би өөрөөрөө мэдэрдэг. Яг энэ чиглэлийнхээ дагуу би бүсгүйчүүдийг цуглуулсан, хооронд нь танилцуулсан, өөрсдийнх нь шигтгээг өөр өөрт нь хуваалцсан “W” клуб нээсэн. Амралтын өдөр манай клубын бүсгүйчүүд уулздаг. Манай “W”  клубын уулзалт болсон өдөр инээдээр дүүрэн өдөр байдаг.

-Та гадны олон оронд аялан уран бүтээлээ хүргэсэн. Таны хувьд Монголын шоу ертөнц хэр их хөгжиж байгаа вэ?

-Гадны олон улсаар явж тоглолтоо хийж байсан ч би монголдоо амьдардаг, монголдоо байх дуртай. Яагаад гэвэл Улаанбаатар хот маань магадгүй бусад том хотуудтай харьцуулахад урлагийн амьдрал маш халуунаар өрнөж байдаг. Тэр ч утгаараа ер нь завтай, хийх юмгүй орой бараг л олддоггүй шүү дээ. Их л хөдөлгөөнтэй хот шиг санагддаг. Улаанбаатарт ямар их тоглолт болдог билээ дээ тэр утгаараа шоу урлаг их хөгжиж байгаа.

-Урлагийнхан папарацид их өртөж байгаа харагддаг. Та монголын шар мэдээ, папарацид хэрхэн ханддаг вэ?

-Энэ бол нийгмийн хөгжлөө дагаад гарч ирэх ёстой нэгэн урсгал байдаг гэж бодож байна. Мэдээж олны нүдэнд ил байдаг хүмүүсийг сайн, муу мэдээ дагалдах нь байх л хэрэг. Гэхдээ тэрний ард хүн байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Зүгээр л сайн, муу үгээр хэлж болдог зарлалын самбар гэж ойлгож болохгүй. Хэн нэгэн тэр хүн чинь чиний дотны хүн магадгүй эгч, дүү, аав чинь байсан бол яах вэ гэж боддог эттиктэй байгаасай гэж хамгийн их хүсч байна. Түүнээс биш нийгэмд байх л ёстой үзэгдэл бол уу.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?

-Яг тоглолтын өмнө ярилцлага өгч байгаа болохорор хүмүүс эндээс миний юу хийж байгааг харах бол уу. Мөн үүний дараа өөрийн бие даасан тоглолтоо тавихыг үгүйсгэхгүй. Монголын гэр бүлүүд гэр бүлээрэ амралтаа өнгөрүүлдэг янз бүрийн аргууд дээрээ нэмээд ялангуяа ийм гоё тоглолтыг үздэг хэвшлийг бий болгоорой гэж уриалмаар байна. Яагаад гэвэл том том урлагийн тайзнаа болж байгаа тоглолтууд ерөөсөө нэг биш, нэг зуу, хоёр зуун хүний хөдөлмөрөөр бүтэж байдаг. Үүнийг нөхөртэйгөө, эхнэртэйгээ, хүү, охинтойгоо ирж үзэх нь гэр бүлийн том соёл гэж бодож байна. 

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж