Ноосны урамшууллыг 11 дүгээр сард олгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Ноосны урамшууллыг 11 дүгээр сард олгоно

Ноосны урамшуулал олгох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн энэ жил малчин болон мал бүхий этгээдэд ноосны урамшууллыг үргэлжлүүлэн олгох талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгч нарт ноосоо тушаасны хариуд кг тутамд 2000 төгрөг олгоно гэж тооцсон хэвээр нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин энэ жил 17 мянган тонн хонины ноос, 1400 орчим тонн тэмээний ноос бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний 80-90 хувийг үндэсний үйлдвэрт авна гэж тооцоолсон ажээ. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Ноос, ноолуурын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодрууллаа.

-Ноосны урамшуулал олгох ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бол одоо ямар явцтай байна вэ?

-Ноосны урамшуулал олгож эхэлсэний дагуу өнөөдрийн байдлаар 12 орчим мянган тонн ноосыг үндэсний үйлдвэрүүд худалдаж аваад байна. Харин энэ жил малчин, мал бүхий этгээд ноосны урамшууллаа авахын тулд материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Одоогийн байдлаар тухайн орон нутгийн сумдад малчин, мал бүхий этгээдийн ноосны урамшуулал авах материалыг есдүгээр сарын 1-ны дотор хүлээн авна.

-Малчид ноосны урамшууллаа яг хэзээ авах вэ?

-Дээр хэлсэнчлэн есдүгээр сарын 15 гэхэд аймгууд сумдаасаа малчдын материалыг аваад, Мал хамгаалах санд явуулна. Ингээд үндсэндээ 11 дүгээр сарын 15-ны дотор аймгийн төрийн сан руу мөнгө шилжих юм. Ямартай ч 11 дүгээр сардаа багтаж олгоно гэсэн зорилт бий. Харин малчид “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулж мөнгөө авах юм.

-Энэ жил хэдэн тонн ноос татахаар төлөвлөсөн бэ?

-17 мянган тонн хонины ноос, 1400 орчим тонн тэмээний ноос бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Үүний 80-90 хувийг үндэсний үйлдвэрт авна гэж тооцоолсон.

-Хэдэн малчин ноосны урамшуулалд хамрагддаг бол?

-Монгол Улсын хэмжээнд 200 орчим мянган малчин, мал бүхий этгээд ноосны урамшуулалд хамрагдаж байна.

-Өнгөрсөн жил хэдий хэмжээний мөнгөн урамшууллыг хэрхэн тооцож өгсөн бэ?

-Өнгөрсөн жил ондоо багтаж бол 32799 малчин, мал бүхий иргэдийн  үндэсний үйлдвэрт тушаасан 4900 тонн ноосонд 9,8 тэрбум төгрөгийн олгосон. Өнгөрсөн жил цаг хугацаандаа өгсөн боловч зарим нэг баримт бичгийн асуудлаас болж хасагдсан 7000 гаруй малчин болон мал бүхий иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн асуудлыг долдугаар сард шийдээд одоо урамшууллыг олгох ажлыг хийж байна. Ингээд нийтдээ 12.3 тэрбум төгрөгийг 40 гаруй мянган малчинд олгочихоод байна.

-Ноосны урамшууллыг анх олгож байсныг бодвол одоо туршлагатай болж байгаа байх? 

-Энэ жилийн хувьд онцлог нь цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж байгаагаараа онцлог болж байна. Мал хамгаалах сан болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран цахим бүртгэлийн системийг хийж дуусч байна. Өнгөрсөн жил ноосны урамшууллыг бэлнээр олгодог байхад бичиг баримт үрэгдсэн, буруу, зөрүү байх тохиолдол багагүй гарч байсан учир ийнхүү цахим бүртгэлийн системд шилжүүлсэн. Ингэснээр цахим орчинд өөрийн мэдээллээ шалгах боломжтой болно.

-Мэдээллээ хэрхэн шалгах юм бэ?

-Малчид болон мал бүхий этгээд www.noos.mn сайтад хандаж, овог нэр, регистрийн дугаараараа хэдий хэмжээний ноос тушаасан болон хэдий хэмжээний урамшууллыг авах талаарх мэдээллээ шалгаж болно. Ингэснээр урамшууллын тушаал гарахаас өмнө аливаа зөрчлөөс сэргийлж, нягталж байгаа хэрэг юм.

-Мэдээлэл зөрчилтэй бол яах вэ?

– Үндсэндээ есдүгээр сарын 15 хүртэл малчдын авсан ноосны урамшууллын талаарх бүхий л мэдээллийг хүлээн авахын хамтаар мэдээлэл буруу байвал засч болно. Нөгөө талаас энэ хугацаанд ноос худалдан авсан аж ахуй нэгжүүд худалдан авалтынхаа мэдээллийг бэлтгэн оруулах юм.

-Малчдын гар дээрээс ноосыг хэдэн төгрөгөөр авч байгаа юм бэ?

– Малчдын гар дээрээс ноос худалдан авах үнэ нь хоёр янз. Зүүн аймгуудаас 450-500 төгрөгийн үнэтэйгээр, баруун аймгуудаас 600-700 төгрөгөөр худалдаж авч байна. Үүн дээр тээвэрлэлтийн зардал бусад үйлчилгээний хөлс нэмэгдээд үйлдвэрүүд үндсэндээ 800 төгрөгөөр худалдаж авч байгаа гэсэн үг. Эмээлт зах дээр бол 1000 төгрөг гарчихлаа.

-Арьс ширний урамшуулал олгох нь юу болсон бэ?

-Энэ талаарх тогтоолын төсөл өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар орж, дэмжигдээд, УИХ-д өргөн барьчихаад байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж