Харин МАН-ын гишүүд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохдоо гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгох нь буруу, энэ бол улстөржсөн, намжсан түүнээс харьяат байлгах гэсэн маш буруу алхам гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн заалтууд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд багтаад байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдэгдлээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогч сонгууль өгөх нь үүрэг гэж заасан, энэ нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг давсан заалт гэнэ. Мөн орон нутгийн сонгуульд сонгогч саналаа өгөөгүй бол төрийн албанаас чөлөөлж дараагийн сонгуульд саналаа өгвөл ажилд нь эргүүлэн томилох гэх заалт ч ороод байгаа. Энэ бүхэн бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж мэдэгдэж буй юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн тайлбарласнаар бол орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах нь зохисгүй. Малчид өвөлжөөндөө буух их ажилтай нэг талаар давхцана, нөгөө хэсэг нь отор нүүдэл гээд явчихсан байх талтай. Тиймээс орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа ч бас асуудалтай гэж байна. Гэхдээ эл хуулийн төсөлд дэвшилттэй хэрэгжүүлэх ёстой заалтууд олон бий, харин энэ бүхний хажуугаар засч залруулах зайлшгүй шаардлагатай заалтууд бий ч МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны харьяалалд багтаагаагүйн дээр чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд оролцсон ч үг хэлэхээс цааш хэтэрдэггүй. Хуулийн төсөлд саналаа нэмэрлэж, алдаатай заалтуудыг өөрчилье гэвч цөөнхийн саналыг хүлээж авахгүйгээр олонхийн бүлэг зөвхөн өөрсөддөө тааруулж хууль батлахын төлөө улайран тэмцэж байна гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын 25 гишүүн УИХ-д сонгогчоо төлөөлөн сууж байгаа, бүлэг байгуулагдсан боловч, одоог хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байна, олонхийн бүлэг. Тэр байтугай УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. Тэгсэн атал энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 13 асуудлыг багтаасан байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болсон ч МАН-ын бүлгийн гишүүдээс холбогдох хүмүүсийг алийг нь ч оролцуулалгүй асуудлыг шийдлээ” хэмээн гомдол тавилаа.