Шри Ланкийн Маннар хотын шүүхээс тус улсын Худалдаа, Аж үйлдвэрлэлийн сайд Ришад Батиудэнийг авилгын хэрэгт хобогдуулан шалгаж байгаа юм байна. Түүнийг тус хотын далайн эргийн загасчлалын суурьшлийн бүсэд газар авахад дэмжлэг үзүүлэх болзолтойгоор авилга авсан хэрэгт буруутгажээ. Мөн түүнийг шүүгчийг доромжилсон, шүүх хурлийг тасалдуулсан хэргээр шүүх гэнэ. Хэрвээ шүүхээс түүний буруутай нь тогтоогдвол тэрбээр хоёр жил хоригдох ял сонсох аж. Тэрбээр өчигдөр болсон шүүх хурлын үеэр шүүгчидтэй маргалдан шүүх хурлыг тасалдуулсан тул шүүх хурлыг ирэх сарын эхэн болтол хойшлуулжээ. Маннар хотын далайн эргийн загасчлалын суурьшлын бүсэд өмнө нь лалын шашинтнууд амьдарч байсан ч 1990-ээд онд гарсан иргэний дайны үеэр тэднийг тус газраас хөөсөн байна. Харин одоо тэдгээр хүмүүс тэнд суурьших эрхээ сэргээлэхийг хүсч байгаа аж. Гэхдээ тэр бүс нутагт одоогоор Ромын католик шашинтай Тамил омгийн хүмүүс амьдарч байгаа бөгөөд тэдэнд үүнээс өөр суурьших газар байхгүй юм байна. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур Маннарт хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 600 орчим лалын шашинтан иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, тус бүс газрыг тэдэнд буцаан олгохыг шаарджээ.
Б.АНХТУЯА