
Зодог тайлснаасаа хойш жин хасч, бизнес эрхлэх болсон даян аварга А.Сүхбат энэ хаврыг тун завгүй өнгөрүүлж байгаа гэнэ. 2006 оны наадмаар зодог тайлж, үндэсний бөхийн дэвжээгээ орхисноос хойш “Алтан хүнс” хэмээх компани байгуулж, архи, спирт, хүнсний бизнест чамгүй амжилттай ажиллаж яваа аварга сүүлийн үед газар тариалан сонирхох болсон байна. Хавар, намрын цагт өрнөдөг ундарсан их ажлыг давчихвал мөнгөтэй хүн хөрөнгөө арвижуулж болох газар тариалангийн бизнесийг сүүлийн үед дуучин, тамирчин гэлтгүй олон янзын салбарын олны танил хүмүүс сонирхох болсны нэгд даян аварга А.Сүхбат багтах болжээ. Түүний энэ салбарт уруу татагдах болсны нэг шалтгаан нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай холбоотой бололтой. Даян аваргын байгуулсан “Олимп” сургуульд чамгүй хөрөнгө оруулалт хийж, түүнтэй ойр дотно нөхөрлөдөг Л.Чинбат захирлын хувьд Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд газар тариалан эрхлээд удаж байгаа. А.Сүхбат аварга ч ялгаагүй түүний адил тариалангийнхаа гол хүчийг Сэлэнгэ аймагт хандуулж байгаа гэнэ лээ.
Б.Уян