Европын хамгийн том багт наадам болох “Notting Hill Carnival” Лондон хотноо өчигдөр буюу даваа гаригт болжээ. Өнгө, өнгийн гоёмсог багт өмсгөлтэй хүмүүсээр Лондоны төв гудамж дүүрсэн байна. Лондон дахь угсаатны олон янзын бүлэг оролцсон уг багт наадам нь дуу хөгжим, бүжиг, амтат хоол, хөгжилдөхөөр ирсэн олны инээд хөөрөөр Европтоо хамгийн алдартай нь гэнэ. Уг багт наадам ням гаригт эхэлсэн бөгөөд ням гаригийг “Багачуудын өдөр” болгож, ойролцоогоор таван мянган хүүхэд багачууд уг багт наадамд оролцсон аж. Түүнчлэн хоёр өдрийн турш үргэлжилсэн “Notting Hill” багт наадмын үеэр аюулгүй байдлыг хангахаар 2000 цагдаагийн ажилтан хамгаалалтад гарсан байна. Уг багт наадмыг 1964 оноос Европын ихэнхи орноор тэмдэглэж ирсэн бөгөөд баруун Энэтхэгийн цагаач иргэдээс гаралтай аж. Багт наадмын үеэр хамгаалалтад ажилласан цагдаагийн газрын нэгэн төлөөлөгчийн мэдээлснээр багт наадмын үеэр ямар нэгэн гэмт хэрэг гараагүй, бүх зүйл хэвийн байсан аж.
Лондонд “Notting Hill Carnival” болов
Э.АНХТУЯА