Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ирэх хавар иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Мөн нөөцийн махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна.
Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждаг, нөөц нь хомсддогоос шалтгаалан махны үнэ эрс өсдөг учир үүнийг зохицуулах оновчтой бодлогыг Засгийн газар тусгайлан хэрэгжүүлэх аж.
Өнгөрсөн жил 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн. Үнийн хувьд ямааны мах килограмм нь 2600, үхрийн мах 3700, хонины мах 3200 төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнөөдрийн байдлаар томоохон захуудад хонины махны үнэ килограмм нь 3960-4500 төгрөг, үхрийнх 4350-5030, ямааны махны үнэ кг нь 2600 төгрөг, адууны махны үнэ кг нь 2820 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Д.ЖАРГАЛ