
Туркийн албаныхан “Туркийн хил дээр 10 мянга гаруй Сирийн дүрвэгч иргэд тэднийг байрлуулах байр баригдахыг хүлээж байна” хэмээн өчигдөр мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Сирийн иргэний дайны хөлд 20 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон тооны хүмүүс дүрвэн Туркэд ирээд байгаа аж. Турк улс одоогоор 80 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авсанаас тус улсын хилийн дагуух дүрвэгчдийн түр хорогдох байрууд хүнээр дүүрээд байна. Шинээр нэмэгдэн ирсэн дүрвэгчдийг хилийн ойролцоох хотын сургууль, спорт заал зэрэг газруудад түр байршуулаад байгаа аж. Тиймээс Туркийн албаныхан 00 мянган хүнийг байршуулах багтаамж бүхий түр орогнох дөрвөн байрыг яаралтай барихаар болжээ. Одоогоор ийм байр найм байгаа юм. Шинэ байрууд баригдахыг хүлээж буй дүрвэгчдэд Туркийн Улаан Загалмайн Нийгэмлэгээс анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авч байна.Гэхдээ албаныхан нэмэгдэн ирж буй дүрвэгчдийг маш сайн шалгаж байж хилээр нэвтрүүлж байгаа аж. Учир нь тэдгээр дүрвэгчдийн дунд Курдын босогчид байж болзошгүй гэнэ. Туркийн Гадаад Хэргийн сайд Ахмет Давутоглу “Хэрвээ дүрвэгчдийн тоо энэ хэвээр тогтмол нэмэгдсээр байвал НҮБ-ээс Сирид өөрсдийн дүрвэгчдийг байрлуулах түр хорогдох байрыг бариулах хэрэгтэй. Турк улс Сирийн дүрвэгчдэд хоёр орны ах дүүгийн найрсаг харилцаагаа бодон хүнлэг хандаж байгаа. Гэхдээ нөгөөтэйгүүр дэндүү ихээр нэмэгдэн ирж буй дүрвэгчдийн асуудлыг шийдэх хүндрэлтэй байна. Тиймээс олон улсын байгууллагууд энэхүү асуудалд тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.