
Цаг агаар, үүлэнд зориудаар нөлөөлөх, бороо оруулах ажлыг хаврын улиралд ихэвчлэн хийдэг байна. Ялангуяа 4-6 дугаар сарын хооронд үүлэнд зориудаар нөлөөлөх нь тухайн жилийн бэлчээрийн болон таримал ургамлын ургалтын байдал, ургацад голлох нөлөө үзүүлдэг аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үүл буудаж, Сэргэлэн, Гурванзагал, Чулуунхороот суманд 3,9-8,0 мм хур тунадас оруулснаар ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Харин тавдугаар сарын 11-нд Баяндун суманд цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулснаар Баяндун, Дашбалбар суманд 20,1-31,0 мм бороо орж, ихээхэн хэмжээний түймрийг бүрэн унтраасан байна. Мөн тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Халхгол суманд 10,0 мм бороо оруулснаар хөрсний чийгийн нөөцийг 0-20 см гүнд 19 мм-ээр, 0-50 см гүнд 61 мм-ээр нэмэгдүүлжээ. Дээрх гурван удаагийн цаг агаарт нөлөөлөх ажиллагааны дүнд Халхгол сум, Ялалт баг, Сэргэлэн, Баяндун, Булган суманд 72,0-119,6 мм бороо орсон байна. Энэ нь байгалийн жамаар орсон хур тунадаснаас 55,1-94,0 мм-ээр их, өмнөх оны мөн үеийнхээс 1,9-111,6 мм-ээр ахиу хур тунадас орсон гэсэн үг ажээ. УЦУОШТ-өөс үүлэнд зориудаар нөлөөлөх нь үр дүнгээ өгч, энэ жилийн газрын гарц, малын тэжээл, ургац, тариа ногоо сайн ургасан байна.