Наймдугаар сарын 15-наас 22-ны дотор Оросын хувьцаанд хөрөнгө оруулагч сангуудаас 20 сая ам.долларыг гадагш гаргажээ. Ингэснээр өмнөх долоо хоногт орж ирсэн 23 сая ам.долларын мөнгөний хэмжээг бараг үр дүнгүй болгосоныг Emerging Portfolio Fund Research (EPFR) сангийн мэдээ ийн харууллаа.
Оросын сангуудаас мөнгө гарч байгаа нь наймдугаар сарын эхээр орж ирсэн шинэ мөнгөний урсгал нь одоогоор тогтворгүй харуулж байна. Нефтийн үнэ харьцангуй өндөр байгаа нь ч нөлөөлсөнгүй гэж “Уралсиб капитал” банкны ерөнхий стратегич Вячеслав Смольянинов дүгнэв.
Наймдугаар сарын 1-нээр дуусан долоо хоногт хамгийн их 211 сая ам.доллар орж ирсэн байгаад дараагийн долоо хоногт нь 60 сая гадагшлав. Гэсэн ч жилийн эхнээс сангуудад 868 сая ам.доллар орж ирсэн эерэг үзүүлэлттэй байна.
Ерөнхийдөө бол хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд харьцангуй эерэг хандлагатай байна. GEM (Global Emerging Markets) гэх балансын сангууд өнгөрсөн долоо хоногт 430 саяыг, өмнөх долоо хоногт нь 889 сая ам.долларыг тус тус цуглуулсан байна. Нэн ялангуяа 208 сая ам.долларыг оруулсан Солонгосын сангуудын үзүүлэлт сайн байгаа.
“Хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд хийж буй мөнгөө дөрөв дэх долоо хоногтоо нэмэгдүүлж байна” гэж “Тройка Диалог” компанийн ерөнхий стратегич Крис Уифер ярьж байна.
Оросын хувьцаанд хөрөнгө оруулах сул сонирхлыг нь зургадугаар сарын сүүлчээс эхлэн баррель нь 90,77-114 ам.доллар болсон Brent маркийн нефтийн үнийн өсөлт л барьж байна.
“Орос хөрөнгө оруулалтыг явуулдаг ETF сангуудад орж ирж буй мөнгө нь дөрвөн сарын дотор дээд хэмжээ рүүгээ дөхөж яваа нефтийн үнийн өсөлтөөс хамаардаг” гэж “Хөрөнгийн нээлт” компанийн ерөнхий стратегич Том Манди хэлэв. Мөн тэрээр “Хөрөнгө оруулагчдыг Орост өрнөж буй үйл явдлууд тухайлбал, Pussy Riot-ийн хэрэг мэт нь барьж байна. Мөн тэд эдийн засгийн болон улс төрийн шинэчлэлд маш бага зүйл хийгдэж буйд сэтгэл тавгүй байна” хэмээсэн юм.
Харин “Орос хандах хөрөнгө оруулагчдын сэтгэлийг эргүүлэхэд цаг хугацаа шаардлагатай” гэж Ernst & Young-ийн түнш Олег Данилин хэллээ. Тэрээр цааш нь “Оросын хөрөнгө оруулалтын уур амьсгал нь Олон улсын санхүүгийн төв, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгаалах үүднээс авч байгаа хуулийн өөрчлөлт болон институцийн бүтцийн өөрчлөлт зэргийн улмаас аажмаар сайжирч байгаа” гэж дүгнээд “Хөрөнгө оруулагчдын санаа бодлыг өөрчлөхөд нэг, хоёр жил хангалтгүй. Хөрөнгө оруулагчдад үр дүнг мэдрүүлэхийн тулд бид ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж онцолжээ.
Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал нөлөөлдөг. “Одоогоор макро эдийн засгийн байдал муудаж буй учраас бид хөрөнгө оруулалтын сангийн тогтвортой урсгалыг харахгүй. Гэлээ ч Оросоос хөрөнгийн урсгал их хэмжээгээр гадагшлах нь юу л бол. Учир нь Оросын хувьцааны зах зээлийн “халуун мөнгө” гэж бараг үлдээгүй” хэмээн Смольянинов дүгнэжээ.