Аавынд морилсон ч “андууд”-аа хөдөлгөдөг номер-1

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Аавынд морилсон ч “андууд”-аа хөдөлгөдөг номер-1

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж оюутнууд төрийн ордны хоёр талд тайван жагсаал хийх гэнэ. “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” нэртэй оюутнуудаар багаа бүрдүүлсэн хэсэг нөхөд жагсахаа мэдэгджээ.

Оюутнууд амарсан цагаас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн баатар болж, баривчилгаа, өлсгөлөн зарлаж, аавынд морилоод буй Н.Энхбаяр дарга одоо хүчээ зузаатгаж оюутнуудыг өөртөө урвуулаад авсан бололтой. Тактикийн баривчилгааг зохион байгуулсан нь “хөдөөний” өвөө нарыг нойргүй хонуулаад авсан тэрээр өөрийн дуулиант жүжгээ өлсгөлөнгөөр үргэлжлүүлсэн.  Энэ үеэр нь аз болж оюутны амралт таарсан учраас түүний төлөө тэмцэгчид нь өвөө эмээ нараас гавиагүй. Баривчилгаа, өлсгөлөнгийн ачаар бага зэргийн ял авч аавын хаалга татсан ч ээлжит эрүүл мэндийн жүжгээрээ дахин сенсаац үүсгээд буй. Ер нь бол энэ зуны “баатар” яах аргагүй Н.Энхбаяр. Монголын түүхэнд дуулиантай баривчилгаа, 20 хоног өлсч, монголын рекордыг эвдэж чадсан. Шүүх хуралдаан бүрээрээ олон жагсагчдыг цуглуулж, Монголын шүүхийг “булшилуулсан”. Яах аргагүй баатар гэлтэй.

Түүний ээлжит жүжиг аль хэдийнэ эхэлсэн. Хорих ял оноосон ч эрүүл мэндийн шалтгаанаар сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж буй. Түүний төлөө жагсагчдын тоо багассан уу, хүч, сүр ихтэй ч тооноос цаашгүй оюутнуудыг ашиглах арга сэдсэн үү ямартай ч оюутнууд жагсах хүсэлтээ гаргаад байгаа гэсэн.

Хэсэг оюутнууд жагсаал хийх хүсэлтээ гаргаад байгаа ч холбогдох албаныхан хараахан шийдвэрлээгүй байгаа юм байна. Хэрэв жагсах, үгээ хэлэх эрхээ эдэлж чадвал оюутнууд Н.Энхбаярыг өмгөөлөн жагсах гэнэ. Тус оюутнуудын төлөөлөл нь  “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хэмээх төрийн бус байгууллага. Мөн тэдэнтэй санаа нэгдэн “Хилс хэрэгт мөрдүүлэгчдийн эсрэг” хэмээх хөдөлгөөн бас байгуулагджээ. Одоогоор тус хөдөлгөөнүүдэд 10000 гаруй оюутан залуус элсэн гэнэ шүү.

Нэгэнт зуны амралт нь дуусч, хичээлийн шинэ жилтэйгээ залгаж буй оюутнууд өөрийн боловсролоос илүү зүйлд анхаарлаа хандуулахыг хүсч. Ийн ирээдүйн хөгжлийг бий болгох оюутнууд жагсч байхын оронд ном уншиж байх нь хавьгүй дээр гэдгийг хэлэх хүн олон байгаа биз. Монголын шүүх ажлаа хийж, шийдвэрээ гаргасан. Буруутай нь хариуцлагаа хүлээж байхад төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр оюутнууд ч ёстой яамай байна даа. Эсвэл оюутнууд өнгөрсөн сонгуулиар Н.Энхбаярыг өмөөрч байгаад гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болсон нөхөд шиг болно гэж горьдсоных уу, жагсч, цаашид ч тэмцэх юм гэнэ. Гэвч  тэдний жагсаал тийм ч их үр дүнд хүрнэ гэдэг юу л бол.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж