”Сургалтын төлбөрийг бөөнд нь өгөх шаардлагагүй”

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

”Сургалтын төлбөрийг бөөнд нь өгөх шаардлагагүй”

Их, дээд сургуулиудын захирлууд 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20-25 хүртэл хувиар нэмэх саналаа БШУ-ы сайд Л.Гантөмөр тавиад байсан. Энэ асуудлаар өчигдөр сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүү хариуцсан захирал, ерөнхий нягтлан бодогчидтой уулзаж 10 хүртэлх хувиар нэмэх шийдэлд хүрсэн билээ. Энэ талаар БШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэй Б.Батсайханаас тодрууллаа.

-Сайд сургуулийн удирдлагуудтай уулзсанаар ямар шийдэлд хүрэв?

-БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр /уржигдар/ төрийн өмчийн таван их дээд сургуулийн санхүү, эдийн засаг хариуцсан захирлууд, ерөнхий нябо нартай уулзсан. Ийн ярилцсаны эцэст сургалтын төлбөрийг 10 хүртэлх хувиар нэмэхээр болсон. Гэхдээ сайд сургалтын төлбөрийн 10 хувийн нэмэгдлийн үндэслэл цаашлаад цалин хөлсний нэмэгдэл, бусад орлого зарлагын тооцоог гаргаж хоёр хоногийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу ажлын хэсгийнхэн өнөөдрөөс ажилдаа ороод байна.

-Ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаална гэсэн үг үү?

-Ер нь бол сургалтын төлбөр 10-аас дээшгүй хувиар нэмэгдэнэ. Гэхдээ яг ямар үндэслэлээр, хэдэн хувь нэмэх вэ гэдгийг ажлын хэсэг судална гэсэн үг. Энэ нэмэгдэл нь цалин, хөрөнгө оруулалт, сургалтын орчин, гарын авлага, тоног төхөөрөмж, материаллаг баазад хэдэн төгрөг зарцуулагдах вэ гэдгийг тогтоосны дараа сургалтын төлбөрийн нэмэгдэл тодорхой болно.

-Сургуулиудад хэдэн төгрөг улсаас төсөвлөх вэ?

-БШУ-ны санхүү хөрөнгө оруулалтын газар, Мэргэжлийн боловсролын газар, их дээд сургуулийн төлөөлөл оролцсон энэ ажлын хэсэг хоёр хоногийн дараа дүгнэлтээ сайдад танилцуулна. Үүний дараа Их, дээд сургуулиудын улсын төсвөөс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт, урсгал болон тогтмол зардлууд мөн үеийнхтэй харьцуулахад хэдэн хувиар нэмэгдэх хандлагатай байна зэргийг судлан танилцуулна.

-Жил бүр хичээл эхлэхтэй зэрэгцэн сургалтын төлбөрийн нэмэгдэл яригдаж эхэлдэг. Үүнийг зохицуулж болох уу?

-Сургалтын төлбөрийн нэмэгдлийг есдүгээр сарын 1-нд тулгаж ярилцдаг биш хавар хүүхдүүд сургуульд элсэх үед нь сургалтын төлбөр ямар байх вэ гэдгийг тодорхой байлгах үүрэг даалгаврыг сайдын зүгээс сургуулийн удирдлагуудад өгсөн.

-Сургуулиуд сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд оюутануудыг хичээлд нь суулгадаг.

-Энэ асуудлаар өчигдөр мөн хэлэцсэн. Сургуулиуд сургалтын төлбөрийг хичээл эхлэхэд 100 хувь авч байж хичээлд нь бүртгэдэг энэ байдлаас татгалзаж шинэ менежметийн хэлбэрт шилжинэ. Тодруулбал, сургалтын төлбөрөө банкны зээл хэлбэрээр, хоёроос гурав хувааж төлөх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн амьдралын бололцоо муутай оюутнуудын сургалтын төлбөрийг сар болгон хувааж авч байхыг сайд онцлосон.

-Төрийн өмчийн сургуулиудын дундаж төлбөр хэд байгаа вэ?

-Төрийн өмчийн сургуулиудын дундаж төлбөрийг ажлын хэсэг судлаж байж, мэдээлэх байх. МУИС-ын хувьд гэхэд 16 бүрэлдэхүүн сургуультай. Эдгээр сургуулиудын сургалтын төлбөр нь харилцан адилгүй байгаа юм.

-Сургалтын төлбөрийн нэмэгдэл ахлах курсын оюутнуудад хамаарах уу?

-Өчигдөр болсон хурлын үеэр сургалтын орчин, материаллаг бааз, гарын авлагыг сайжруулахын тулд сургалтын төлбөрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагтай байгааг сургуулийн санхүү хариуцсан захирал, нягтлангууд удирдлагууд хэлж байсан.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж