Эхний зохицуулалт сайшаалтай боловч дараагийхдаа даруулчихав уу гэх бодол төрөв. Дугаарын зохицуулалтын дараа замын хөдөлгөөний ачаалал хорин хувь хөнгөрнө гэж найдацгааж байсан гэх. Хөдөлгөөнд оролцогчдын тоо ийм хэмжээтэй хөнгөрсөн байж болох ч нийтйин тээвэрт нэгдүгээр эгнээг бүрэн “зориулснаас” болж нөгөө “хөнгөрсөн” хорин хувь нь бусад эгнээндээ шингэж орхив. Энд хоёр асуудал байх шиг. Нэгт, гаргасан журмаар бол зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд “нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй оролцоно” гэсэн болохоос бүхэлд нь тэдэнд зориулна гээгүй биз дээ. Давуу эрхтэй оролцоно гэдэг чинь бусад нь ч бас бололцоогоороо оролцоно гэсэн үг гэж ойлгогдож байгааг хууль тогтоогч байсан Засаг дарга лав ойлгох байлгүй дээ. Одоо бусаддаа буюу ялангуяа замын цагдаагийнханд хэлж өгмөөр байх юм.
Тэгэхгүй бол асуудал шийдэгдэхгүй бололтой. Нэг л жишээ авъя. Улсын Их дэлгүүрийн урдаас гэх мэтээр Энхтайваны өргөн чөлөөний төв замд урдаасаа баруун гартал руу эргэж нэгдэх урсгалыг шууд хоёрдугаар эгнээнд орохыг шаардах юм. Ингэж орж ирсэн жолооч хоёрдугаар эгнээний хахсан их урсгалыг “сэтэлж” чадалгүй нэгдүгээр эгнээгээ хаагаад зогсчих аж. Ингэхээр нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчино гээд байсан нийтийн тээврийн хэрэгсэл тэдний дээгүүр нь харайх уу, яах уу? Үнэндээ бол энэ зохицуулалтыг өмнө нь туршиж үзээд больсон санагдаж байна. Тэгэхдээ тухайн үедээ бас дэвшилттэй байсан гэж байгаа. Ухаандаа ажлын цаг эхлэх болон тарах үе гээд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цагаар л нэгдүгээр эгнээг “сулладаг” байсан санагдана. Үүнийг одоо яагаад хэрэглэхгүй байгаа нь бас их сонин.
Нөгөө нэг асуудал бол нэгэнт л метро байхгүйгээс бид чинь машинтай нь машингүйдээ үйлчлээд ажлыг нь амжуулаад сурсан улс. Угаасаа ч элбэг таардаггүй, дуудсан ч олддоггүй такси үйлчилгээний шахаас л биш юм бол нэгдүгээр эгнээнээс хүн авах, буулгах боломжийг нь хааж яах гэсэн юм бэ? Яарч тэвдсэн хүмүүс аргаа бараад хоёр дугаар эгнээний хөдөлгөөн дундаас “бууж, сууж “байж муу юм болбол шийдвэр гаргасан болоод хэрэгжүүлсэн нөхдүүд хариуцах юм уу?
Ажил хийсэн гэж байгаа болон хийж байгаа нөхдийг буруутгахдаа биш. Асуудлыг урьдчилж харах, ухаалаг шийдэхэд тань бага зэрэг “траффик” байгаа юм биш үү л гэсэн юм. Нэг үгээр хэлэхэд нэгдүгээр эгнээг л “янзалмаар” байна. Дээр хэлсэн шиг ажлын эхлэх, тарах цагаар нэгдүгээр эгнээг “суллах”, бас бусад тээврийн хэрэгслийг бололцоогоор нь энэ эгнээгээр “урагшлуулдаг” байхгүй бол сайхан санаачилгын үр дүн нь гарахгүй нь ээ.