Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд хамтаараа замын түгжрэлийн эсрэг хийсэн томоохон өөрчлөлтийг туршсан эхний өдөр өнгөрлөө.  Хэдхэн хоногийн өмнө нийслэл иргэний танхимтай болж, анхны хурлаараа бухимдан бугшиж явсан асуудал болох нийслэлийн авто замын ачаалал, зам засварын ажлын явцыг хэлэлцсэн. Хэдхэн хоноод оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Бодоод үзэхэд, өнгө өнгийн, олон янзын үйлдвэрийн “яст мэлхийнүүд” мөлхөхөө ч болих байлгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-д өргөн барьсан. Энэхүү төслийг энэ сарын 23-нд НИТХ-ын ээлжит бус II хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэж НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар баталсан юм. Ингээд л замын хөдөлгөөний ачааллыг түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулах увидастай цогц арга хэмжээ өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл өглөө бүр гэрээсээ гарахдаа машиныхаа сүүлийн цифрийг харах хэрэгтэй болж байна. Учир нь энэ сарын 27-ноос эхлэн ирэх аравдугаар сарын 27-ныг хүртэл хотын төвийн ихэнх замуудад ажлын өдрийн 07.00–22.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцох болсон. Тодруулбал, даваа гаригт 1 болон 6, мягмар гаригт 2 болон 7, лхагвад 3 болон 8, пүрэв гаригт 4 болон 9, баасан гаригт 5 болон 0-ээр төгссөн бол та хувийн унаанаас татгалзан нийтийн тээврийг сонгоно гэсэн үг. Ажил хүрэх замдаа замын хөдөлгөөнд 1 болон 6-аар төгссөн автомашин байна уу гэж гярхай гэгч нь ажлаа. Үнэндээ байсангүй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүргээ гарамгай биелүүлсэн, иргэд маань энэ ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагын илрэл гэлтэй.

Замын ачаалал буурсан уу?

Хотын ачаалалтай гэсэн ихэнх замуудад хязгаарлалтыг тогтоосон байгаа. Тодруулбал, Их тойруу зам болон түүний доторх замуудад, Энхтайвны өргөн чөлөөнд, Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,  32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарласан. Өрөөндөө орж ирмэгц хамтран зүтгэгдэгчдийн “Би өдөр болгон ажлаасаа хоцордог байсан. гэтэл өнөөдөр анх удаагаа ажилдаа 10 минутын өмнө ирлээ, санаа дагаад ч тэрүү зам сэлүүхэн болсон байна, автобус төв замаар бараг нисч байна” гэх яриа чихийг минь чимлээ. Би л лав өнөөдөр 15 минутын өмнө цагаа бүртгүүлсэн. Надад амьдралын минь 15 минут үнэтэй.

УБҮ дугаартай машинуудад ч хамаатай

Хязгаарлалтад тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслүүд, дипломат байгууллага болон нийтийн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл цагдаа, эмнэлэг, түргэн тусламж, галын машинуудада хамаарахгүй гэсэн үг. Харин Төрийн үйлчилгээний машин болох УБҮ серийн дугаартай машинууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн машинууд ч энэ журмыг мөрдөх ёстой аж.

Хориотой өдөр хашаанаасаа гарвал

Замын хөдөлгөөнийг зөрчих, нэгдүгээр эгнээ буюу нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцох, хязгаарлалтын бүсээр сэлгүүцэх сахилгагүй жолооч нар ч байна гэнэ. Эдгээр дүрэм зөрчигчдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32-т заасны дагуу торгууль ногдуулна, хөдөлгөөний аюулгүй байдлын журамд заасны дагуу эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Эхний удаад анхаарулга өгч хязгаарлалтын бүсээс яаралтай гаргана, дараа нь 5000 төгрөгөөр торгох аж. Хэрэв ЗЦГ-ын ажилтануудын тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, дахин давтан зөрчил гаргасан бол бүр баривчлах хүртэл шийтгэвэр ногдуулах гэнэ. 

Нэгдүгээр эгнээгээр сүнгэнэн давхих тролейбусанд атаархлаа

Энэхүү цогц арга хэмжээнээс хамгийн их хожиж байгаа хүмүүс бол нийтийн тээврийнхэн, нийтийн тээврийн зорчигчид. Өөрөөр хэлбэл, төрийн алба хаагчид болон иргэдийг аль болон нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус явахаар болсон. Нэгдүгээр эгнээгээр сүнгэнэн давхих тролейбусанд атаархах сэтгэл төрсөн юм. Энэхүү өөрчлөлт нь нийтийн тээврийнхэнд хэрхэн мэдрэгдэж байгааг Цахилгаан тээвэр компаны Офицеруудын ордон – БММЗ чиглэлийн тролейбусны жолооч н.Батномгон “Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийнхэн явах болсон нь үнэхээр сайшаалтай байна. Урьд нь бид зүүн дөрвөн замын уулзвараас талбайн уулзвар хүртэл 40 орчим минут явдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ замыг тавхан минутад тууллаа” гэсэн юм.


Өдрийн 12 мянгаар цалинжиж байна

Замын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтныг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр иргэд нь томоохон баяр ёслол, тэмдэглэлт өдөр зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихэссэн үеэр ЗЦГ-тай хамтран замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг юм байна. Хөдөлгөөний аюулгүй байдал төрийн бус байгууллагын ажилтан, “Бид ЗЦГ-тай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, иргэдэд туслах юм. Биднийг ЗДТГ-аас өдрийн 12 мянган төгрөгөөр цалижуулж байгаа. Тэтгэврийн хэдээс өөр орлогогүй бидэнд энэ нь маш их дэм, урам болж байна. Ах нь ажлаа маш сайн хийх болно” гэж байсан юм. 

Жолоочид их ухамсартай болжээ

ЗЦГ-ын дэд ахлагч С.Угтахбаяр энэхүү эхний өдрийг “Өнөөдөр нэг, зургаагаар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй байгаа. Намайг өглөөнөөс хойш замын хөдөлгөөнийг зохицуулж байх үед дөнгөж хөдөөнөөс орж ирсэн гэх шалтгаантай ганц, хоёрхон жолоочид энэ журмыг зөрчсөн. Эхний удаад бид торгох бус сануулга өгөөд хязгаарлалтын бүсээс гаргасан байгаа юм. Жолоочид маань тавьсан шаардлагыг маш соёлтой, ухамсартайгаар хүлээн авч байна. Энэ журмыг дуулаагүй нэг жолооч “За би машинаа энд зогсоолд тавиад нийтийн тээвэрт суугаад явчихъя” гэсэн шүү. Ямартай ч эхлүүлж болсон юм чинь энэ ажлын үр дүнг нь үзэхийн төлөө хүн бүр Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатарын төлөө хариуцлагаа ухамсарлан хичээгээд нэг үзье”.


Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж