Танил байна уу, таминь ээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Танил байна уу, таминь ээ

Сургуулийн өмнөх насны боловсролын төвд таних хүн байна уу? Энэ насандаа ч ийм нэртэй газар байдаг гэдгийг сонсоогүй надаас энэ асуултыг зэрэг зэрэг тавьсаар бараг танил болгож орхив. Ийн танил асуух болсны учир нь мөнөөх л хүүхдийн цэцэрлэгийн дажин. Цаашаа энэ асуулт цэцэрлэгийн эрхлэгч, багш, асрагч манаач байна уу гэх маягаар үргэлжилнэ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шүү дээ. За цааш нь Дээд сургуульд танил байна уу, хүүхдийнхээ ангийг солиулах гэсийн. Цэргийн хэлтсийн танил байна уу, энэ жил аргалаад цэргээс мултарчихвал…, хотын төвийн сургуульд хүүхдээ оруулах, тусламжийн бараанаас ахиухан хүртэх, зээл авах, ажилд орох, эмнэлэгт хэвтэх, иргэний бүртгэлээс лавлагаа авах, гадаад паспортоо сунгуулах бүр хиймэл шүд, сонсголын аппарат авах гээд танилын хэрэгтэй юу эс байна гээч. Ямар сайндаа л энэ олон салаа замын алинаар нь явах вэ, таминь ээ гэдэг шиг жолооч танил маань машиныхаа явуут дунд “Дугаар мултлаад аваад явчихжээ. Замын цагдаад танил байна уу. Гялс утсыг нь өгчих” гэж хашгирч амжаад явчихаж байгаа юм. 

Ялангуяа ажил сургууль эхлэх дөхсөн энэ өдрүүдэд хүн болгон аль нэг танилаа сураглан харайлдаж явна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах гэсэн тоо томшгүй танилууд маань, бас тоо томшгүй танилуудаа хайлдан гүйлдэж явна.  Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэдэг үгийг манай өнөөгийн нийгэм харин ч нэг мэдрүүлж өгч байгаа юм чинь арга байж уу?

Хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй “танил” бол мэдээж хэрэг эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч сургуулийн болоод цэцэрлэгийн эрхлэгч танил. Нэг хэсэг Иргэний бүртгэл мэдээллийнхэн гэж хүн болгон танилцахыг хүссэн алтан нүүртэй буянтай хүмүүс бий болсон. Гадаад паспортгүй сөхөж харалгүй, аяны чемодамаа бэлтгэсээр онгоц нисэхийн өмнөхөн “Паспортын хугацаагаа гялс сунгуулах гэсийн, танил байна уу” гэж харайж явсан нь ч зөндөө.

За, цаашаагаа ажилд оруулах эрх мэдэлтэй сайд дарга нарыг бол танилын дээд гээд нэрлэчихэд ч болно. Тэр нь ч бас хэр баргийн хүнд “олддог” танил биш гэж байгаа юм аа. Ямар сайндаа л хамаатан садангаараа нийлж байгаад нэгийгээ эмч, нөгөөг нь цагдаа болгочихвол энэ насны хэрэг бүтлээ гэлцдэг болох вэ дээ? Үхэхэд хүртэл танил хэрэгтэй болсон цаг юм хойно.

Харин танил эмч маань нэг удаа “Ганц удаа жирийн журмаар лавлах дээр очиж дугаараа аван танихгүй эмчид үзүүлж байгаагүй мөртлөө танил эмч байна уу гэж хайж гүйж ирчихээд дараа нь болохоор танилгүй л бол хол явахгүй гэж гаслаад байдаг, ямар учиртай хүмүүс вэ, та нар. Тангараг өргөсөн эмч хүнд танил хамаагүй. Танихгүй гээд өвчтөнөө үхэл рүү түлхдэг эмч гэж байдаг юм уу” гэж сүрхий загнасан. Нээрээ ч танилынхаа эмнэлгийн хүлээн авах, лавлах нь хаана байдгийг өвчтөн бээр үнэндээ сайн мэдэхгүй л байсан дээ. За тэгээд танил л байхгүй бол ёстой бүтэхгүй гэж байгаад жирийн танил бус иргэний журмаар “шийдчихдэг” азтай тохиолдол ч бас байдаг л юм. Гэхдээ л танил гэх танил сэтгэлгээнээсээ огт салж чадахгүй, танил эмч тарианы тунг арай ч ахиу хийчих юм шиг, танилгүй бол ажилд орж хэзээ ч чадахгүй ч юм шиг санагдаад ер болж өгөхгүй юм. Ингэхэд танилтай болгодог танил байна уу? 

 Уг нь ч байгаа л даа. Тэр бол мөнгө. Түүнийг авлига гэдэг бөгөөд байгаа хүн болгондоо танил эд. Тэр “танил”-ыг минь алга болгоно гэж зарим хүн яриад байгаа юм. Уг нь биднийг “танил”-тай анх танилцаж байх үед хүзүү дагуулаагүй гуя, ховор олддог чихэр жимс тэргүүтний мэдэлтэй дэлгүүрийн худалдагч /картын барааны үед бол бүр ч хаданд гарсан/ гэж сүрхий танил байдаг байсан нь мөнгө гэдэг эдийн ачаар өнөөдөр шаардлагагүй танил болсон хэдийг ч түүнээс илүү том “танил”-ыг таних хүч чадал түүнд оршсон хэвээр л байгаа бөлгөө. Тэр нь ч бас хэр баргийн хүн болгонд олддоггүй гэж байгаа.

Тэгэхээр л бас танил хэрэгтэй болоод байгаа юм. Уг нь хүн болгон бие биедээ танилын сэтгэлээр хандаж танил байдаг сан бол юу гэж бусдаас илүү “ашигтай” танил олох гэж ингэж зовж байх вэ дээ бид бүгдээрээ. Дашрамд мөрийцөхөд өнөөдөр Монголын гурван хүн тутмын нэг нь танилаа хайн санааширч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, спикер гурвыг эс тооцоод шүү дээ.

Ингэхэд Төв усан бассейнд таньдаг хүн байна уу, хүүхдээ сургах гэсэн чинь бүртгэл нь дууссан гэнэ ээ. 

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж