Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Петер Тан Хай Чуан-ыг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Сингапур улс бол хотын хөгжилөөрөө дэлхийд гайхагддаг орон. Би хувийн ажлаар хэд хэдэн удаа танай улсад очиж байсан юм. Та манай оронд ирээд Улаанбаатар хотод хийх ёстой, шинэчлэх ёстой асар их ажил байгааг анзаарч харсан байх. Та бүхэний дэмжлэг, туршлага бидний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид тун удахгүй Улсын Их Хурлаар 2030 он хүртлэх Нийслэлийн хэтийн төлөвлөгөөгөө оруулж батлуулах гэж байгаа. Мөн бидний нэн тэргүүний хийх ажил бол ил тод, авилгагүй улс орон болгон хөгжүүлэх явдал байгаа юм. Тиймээс танай улс авилгын эсрэг хамгийн үр дүнтэйгээр тэмцэж, авлигыг үгүй хийж чадсан орон учраас бид энэ талаар хамтарч та бүхэнээс туршлага авахыг хүсэж байна гэлээ.
Харин Бүгд Найрамдах Сингапур улсын элчин сайд Петер Тан Хай Чуан: Та бүхэнтэй бүхий л талаар, өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан хамтран ажиллахдаа хэзээд бэлэн байх болно. Та өөрөө болон бие төлөөлөгчөө манай улсад зочлуулж авилгатай хэрхэн тэмцэж, үр дүнд хүрсэн талаархи туршлага судлуулаарай гэж урьж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өрөгжиж, зөвхөн ажил хэргийн шугамаар ч биш найз нөхдийн хэмжээнд хүртэл идэвхижинэ гэж найдаж байна гэлээ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn