МАН-ын фракциуд хөдөлгөөнд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

МАН-ын фракциуд хөдөлгөөнд орлоо

УИХ, НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээчихээд түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй нэг хэсэг горойж явсан МАН-ынхан хувь заяатайгаа эвлэрч эхэлсэн бололтой, ямар ч байсан фракциуд нь хөдөлгөөнд орж, орон нутгийн сонгуульд идэвхитэй бэлтгэх болжээ. Тусгаар тогтнолын ордон нам жим дүнсгэр байгаа ч Нийслэлийн МАН-ын хорооны байрны гадаа ажил, амралтын өдрийг үл ялган том том жип машинууд сойлттой зогсох болж. Улстөрийн хүрээнийхэн энэ үйл явдлыг ах нарын заавраар дүү нар нь орон нутгийн сонгуулийн бэлтгэлээ хангаж байна хэмээн ярьж буй юм. Анхаарал татах нэг асуудал бол МАН доторх фракциуд нэгдсэн нь орон нутгийн сонгуульд хүчээ нэгтгэн давшилт хийхээр бэлтгэж буйтай холбоотой гэх. Ингэхдээ бүсчилсэн байдлаар фракциуд ажиллаж эхэлсэн бололтой. Ямарч байсан долдугаар сарын сүүлчээр намынхаа бага хурлыг зарлан хуралдуулж Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, улмаар намынхаа удирдлагуудыг өөрчилсөн МАН-ынхан наймдугаар сарын 15-нд Нийслэлийн МАН-ын хорооны хуралдааныг зарлан хуралдуулж мөн л халаа сэлгээг хийсэн билээ. Ингэснээр Нийслэлийн МАН-ын хороог Ц.Сандуй удирдаж, дэд даргын албыг Д.Энхтөр, М.Ганбаатар, Д.Амарбаясгалан, Ш.Сайхансамбуу нар хаших болсон.  Ийн дөрвөн дэд даргыг бий болгосон нь ах нарынх нь нөлөө аж. Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нь УИХ-ын гишүүн М.Энхболдын фракцид багтдаг бол дэд дарга Д.Энхтөр нь УИХ-ын гишүүн асан С.Баярын “бүлэглэлд” харьяалагддаг байна. Энэ нь С.Баяр гэдэг эрхэм энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй улстөрөөс зай авсан мэт харагдах ч нам дотроо бол нөлөөгөө алдаагүй байгааг энэхүү нийслэлийн томилгооноос харж болох талтай гэнэ. Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Амарбаясгалан нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракци бол дэд дарга М.Ганбаатар нь мөн л тус фракцийнх аж. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нөлөө нам дотроо том байгааг харуулж буй хэрэг юм. Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хувьд аль нэг фракцид харьяалагддаггүй, нэг ёсны намын дарга Ө.Энхтүвшинтэй нэгэн ижил байр суурьтай байж болох талтай. МАН-ын дарга Ө.Энхтүвшин саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Фракцийг хүлээн зөвшөөрдөггүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр хэлье гэж хэлэв үү эс бөгөөс нам доторх фракциудынхаа нэгдлийг бусад улстөрийн нам хүчнүүдээс нууцалж, орон нутгийн сонгуульд бэлтгэж буйгаа нуух зорилгоор ийм байр суурь илтгэсэн үү гэдэг нууц хэвээр байгаа ч энэ бүхний учиг тайлагдах биз. Гэхдээ энэ бүх үйл явдал нь С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гэх гурван том фракци нэгдсэнийг харуулж буй бөгөөд нөгөө талдаа  МАН сонгуулийнхаа ялагдлаас сургамж авч, ялж ирсэн туршлагаа энэ удаагийн орон нутгийн сонгуулиар баталгаажуулах магадлалыг өндөрсгөж буй юм. Нэгэнтээ нийтлэлч Б.Баабар “МАН ялагдахын цагт нэгдэж чаддаг” хэмээн хэлсэн удаатай. Хэрвээ МАН эл сонгуульд олонхи болж 2008 оны орон нутгийн сонгуулийн дүнгээ баталгаажуулбал, Засгийн газрыг хамтдаа байгуулсан Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвслийнхний хувьд орон нутагт хөлгүй болох аюултай. Хөлгүй болно гэдэг нь Засгийн газраас хэчнээн ч сайхан бодлого шийдвэр гарлаа ч түүнийг хэрэгжүүлэх талд нь тушаа болж мэднэ. Түүх өгүүлэхэд, 1996 оны УИХ-ын сонгуульд МАН 25 суудал авч цөөнхийн бүлэг бүрдүүлж байсан ч орон нутгийн сонгуулиар ялснаар тухайн үеийн Засгийн газрыг төдийгүй УИХ-ыг үндсэнд нь тушиж байсан туршлагатай. Улмаар 2000, 2004, 2008 оны УИХ, орон нутгийн сонгуульд тус бүр ялж, олонхийн байр сууриа хадгалснаар 12 жилийн турш тасралтгүй Засгийн эрхийг гартаа төвлөрүүлсэн юм. Харин нийслэлийг удирдах эрхийг бараг 90 гаруй жилийн түүх гартаа төвлөрүүлсэн гэж хэлж болох талтай. Тиймээс МАН-ын энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуульд ялагдсан ялагдал орон нутагт дахин давтагдана хэмээн тооцоолбол сөрөг улстөрийн намуудынх нь хувьд алдаа болж буух аюултай. Иймд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан МАХН-МҮАН-ынхан албан тушаалын төлөөх амбицаа дарж, Ардчилсан намтай нягт хамтарч ажиллахад санаачлагатай хандахгүй бол салхи хаашаа ч эргэж мэдэх нь.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж