“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй

BHP
Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум
ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой”
төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм.
BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том
зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь
тогтоогджээ. Olympic Dam төслийн хүрээнд хамгийн сүүлийн хайгуулаар
ордын нөөцийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 8.34 тэрбум тонн зэсийн
хүдэр гэж тогтоожээ. Ордод зэс төдийгүй уран, алт, мөнгөний арвин их
баялаг агуулагдаж буй ажээ. Гэхдээ BHP хүдрийн биетийн зэсийн дундаж
агуулгын хэмжээг нарийн мэдээлээгүй байна.

Olympic Dam одоогийн
байдлаар жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа бөгөөд
төслийг өргөтгөснөөр 2.4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх чадамжтай
болох байв.

“Оюутолгой” төслийн хувьд “Рио Тинто”-гийн хамгийн
гол төслүүдийн нэг бөгөөд төслийн нэгдүгээр үе шатад 6.2 тэрбум гаруй
ам.доллар зарцуулах тооцоо гараад байгаа юм. Харин 2017 онд ашиглалтад
орох төслийн хоёрдугаар үе шатад нэмж 4-5 тэрбум ам.доллар зарцуулагдах
тооцоо гарчээ. BHP томоохон төслийнхөө өргөтгөлийн ажлыг цуцалсантай
холбоотойгоор “Рио Тинто” ч “Оюутолгой”-н санхүүжилтийг бууруулж
магадгүй гэсэн таамгийг тоймчид дэвшүүлээд байгаа юм.

Хэдийгээр
“Рио Тинто” компанийнхаа төсвийг ахин хянаж буй гэдгээ мэдэгдсэн ч  уг
шийдвэр нь энэ жилийн төсөвт хамаарахгүй юм байна. “Рио Тинто”
хэрэгжүүлж буй төслүүдийнхээ техник, тоног төхөөрөмжид энэ жил нийт 16
тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа юм. Тиймээс 6.2 тэрбум ам.долларын
төсөв бүхий “Оюутолгой” төслийн эхний шатны ажилд ямар ч хүндрэл
гарахгүй тухай тус компанийн Зэсийн хэлтсийн захирал Andrew Harding
мэдэгджээ.  Харин Olympic Dam-ын өргөтгөл цуцлагдсанаар дэлхийн зэсийн
зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдолтой байдал хэвээр үргэлжлэх магадлал
улам нэмэгдлээ гэж тэрбээр тайлбарлажээ.  Олон улсын хэвлэлүүдийн зарим
тоймч “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатад шаардлагатай төсвийг “Рио
Тинто” дахин хянаж үзэж магадгүй гэж таамаглаж буй ч зэсийн зах зээлийн
урт хугацааны төлөв болон уг металын нийлүүлэлтийн байдал зэрэг нь хүрэн
металын ханш өндөр байх баталгааг өгч буй юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж