“Скай” их дэлгүүрийн баруун талд Шинэ ногооны үзэсгэлэн яармаг энэ сарын дундуур нээгдсэн билээ. Нийслэлчүүд хүнсний ногооны хэрэгцээгээ намар дөхөх цагаар ийнхүү цуглуулдаг уламжлал ёсоор, үзэсгэлэн яармаг олны хөлд дарагдаж байна. Учир нь тэнд эх орны хөрсөн дээр тарьж, ургуулсан шинэ ногоогоороо алдартай Сэлэнгийн ногоог худалдаалж буйн дээр үнэ хямд байна гэсэн сургаар тийшээ очсон юм. “Скай” их дэлгүүрийн баруун талд байрлах уг үзэсгэлэн худалдааны үеэр нийт дөрвөн асар байгуулагдан ажиллаж буй бөгөөд шинэ ногооны үнэр ойртох тусам хамарт цоргино. Үзэсгэлэн яармаг гэдэг нэрээр өнгө өнгийн лангуу, даавуу унжуулсан бус, зохион байгуулалт, өнгө үзэмж, эрүүл ахуйгаа бодож худалдаачдыг нэгэн том асарт байрлуулжээ. Ингэхдээ дөрвөн асарт нийлээд 100 орчим хүн нийслэлчүүдэд шинэ ногоог худалдаж байна. Хүнсний ногоо худалдахад гялгар, уут хальс, хог хаягдал ихээр гардаг. Тэгвэл уг үзэсгэлэн яармагийн 00-ын асуудал болон хог хаягдлыг хэрхэн зөөдөг талаар нь худалдаачдаас лавласан юм. Тэндэх худалдаачид үзэсгэлэн худалдаанд хоршоо болон оролцож буй бөгөөд хамтаараа 00-ын асуудлаа шийджээ. Асрын хажууд био 00 байх бөгөөд тэнд байдаг худалдаачдаас өдөрт ээлжлээд цэвэрлэгээгээ хийдэг гэнэ. Хог хаягдлын тухайд ч хамтаараа шийддэг гэнэ. Ингэхдээ аймгийн хоршооллоос гаргаж өгсөн ачааны машинаар хоёр өдөрт нэг удаа төмс, хүнсний ногооны хальс, бусад хогийг цуглуулан ачдаг юм байна. Тариаланчид үзэсгэлэн яармагт оролцохын тулд 90 мянган төгрөг төлөөд, хүнсний ногоогоо шинжлүүлээд тодорхойлолт авдаг юм байна. Тийм болохоор чанаргүй хүнсний ногоо худалдсан бол хариуцлага өндөр гэнэ. Дээрх төлбөр нь хог ачих, бусад хэрэгцээтэй зүйлд зориулагддаг ажээ.
Тариаланчдын яриагаар бол хүмүүс төмсийг шуудайгаар нь авах нь ихэссэн гэнэ. Хаана тарьсан гэдэг нь мэдэгдэхгүй хүнсний ногоог зах, дэлгүүрийн лангуунаас авч байснаас сонголт ихтэй гэдгээр нь үзэсгэлэн яармагт ирэх нь жилээс жилд нэмэгдэж буй аж. Энэ үзэсгэлэн яармаг хоёр сарын турш буюу 10 дугаар сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн хямд, эрүүл хүнсийг базаах боломжтой тухай ногоочид хэлж байсан. Тэнд ногоо худалдаж авахаар ирсэн хүмүүсийн сэтгэгдэл хамгийн ойр байх. “Сэлэнгийн ногоог хямдхан зарж байна гэж танилаасаа сонсоод ирлээ. Нээрэн ч хямдхан байна. Би эндээс зарим худалдаачдыг нь таних ч юм байна. Жил жилдээ авсаар байгаад сурчихсан” хэмээн нэгэн иргэн ярьж байсан юм. Сэлэнгэ аймагт очихоор ургамал, ногооны үнэр ханхийдэг шиг асарын гадна, ойр хавьд ногооны үнэр хачин гоё. Хамгийн гол нь эх орны хөрсөнд тарьж ургуулсан ногоог иднэ гэхээр сэтгэл өег юм. Ингээд үзэсгэлэн яармагт худалдаж буй хүнсний ногооны үнийг сонирхуулъя.
- Лууван -800 төгрөг
- Ногоон байцаа-3500 төгрөг
- Төмс-700 төгрөг
- Ногоон сонгино-1000
- Тарвас-1000-1500 төгрөг
- Сонгино-1800 төгрөг
- Чинжүү-3000 төгрөг
- Ягаан манжин-800 төгрөг
- Помидор-5000 төгрөг
- Кг-ын огурци-2000 төгрөг
- Хүлэмжийн огурци-5000 төгрөг
- Манжин-1000 төгрөг
- 10 багц, ширхэг сармис-5000 төгрөг
- 12 багц, ширхэг сармис-6000
төгрөгөөр тус тус худалдаж байна. Тэнд байсан худалдаачнаас хүнсний ногооны үнэ цаашдаа буурах боломжтой эсэх талаар лавлахад” ер нь үзэсгэлэн худалдааны хугацаа дуусч, үлдсэн ногоогоо буцаагаад аваад явахгүйн тулд тодорхой хэмжээгээр буурдаг л даа. Энэ жилийн хувьд ч буух л байх. Одоогийн байдлаар ямар ч гэсэн 700 төгрөгөөр худалдаж байна. Шуудайгаар авахад 600 төгрөгөөр тооцож, нэг шуудай 40 кг гэхээр 24 мянган төгрөг болж байгаа” хэмээн хариулж байна лээ.