”Хөдөлгөөний ачаалал буурсан нь мэдрэгдэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

”Хөдөлгөөний ачаалал буурсан нь мэдрэгдэж байна”

Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжэээг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмын дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчих, автомашины улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм. Энэ ажлын  хэрэгжилт ямар байгааг Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга С.Энхбатаас тодрууллаа.

-Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хир үр дүнтэй байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд замын ачаалал бууруулах энэхүү арга хэмжээ өнөөдөр өглөө 07 цагаас эхэлсэн. Энэ ажлыг зөвхөн нийслэлийн удирдлагууд, замын цагдаа бус иргэдийн өөрсдийн санал санаачилга дээр үндэслэн хэрэгжиж байгаагаараа их онцлогтой. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөдөлгөөний түжрэл саатлыг 20 хувь хүртэл буурах юм.

-Замын ачаалал хир буурч байна вэ?

-Өнөөдөр өглөөний байдлаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус, тролейбус хөдөлгөөнд оролцохгүй байна. Мөн 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай автомашинууд хязгаарлагдсан бүсүүдэд хөдөлгөөнд оролцохгүй байна. Ард иргэдийн хувьд энэ арга хэмжээг ойлгож, дэмжиж, сайшааж байгаа бөгөөд ойголт сайтай байгаа нь мэдрэгдэж байна.

-Яг хаана зам хаагдаж байгаа вэ?

-Ер нь бол хотын ачаалалтай гэсэн ихэнх замуудад хязгаарлалтыг тогтоосон байгаа. Тодруулбал, Их тойруу зам болон түүний доторх замуудад, Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,  32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, – Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарласан.

-Дээрхи хязгаарлалт яг ямар машинуудад хамаарахгүй вэ?

-Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслүүд, дипломат байгууллага болон нийтийн тээврийн хэрэгслүүдэд энэ хязгаарлалт хамаарахгүй. Өөрөөөр хэлбэл цагдаа, эмнэлэг, түргэн тусламж, галын машинуудада хамаарахгүй гэсэн үг.

-УБҮ дугаартай автомашинуудад хамаарах уу?

-Төрийн үйлчилгээний машин болох УБҮ серийн дугаартай машинууд бусад автомашины адилаар хязгаарлалт орно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн машинууд ч энэ журмыг мөрдөх ёстой.

-Энэ журмыг зөрчих байдал хир байгаа вэ?

-Замын хөдөлгөөнийг зөрчих, нэгдүгээр эгнээ буюу нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцох гэх мэт сахилгагүй жолооч нар бас байна. Гудамж талбайд замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн мөн 150 ажилтан зам талбайд ажиллаж байна. Мөн камерийн бичлэг, нотлох баримтыг сайн бүрдүүлэн ажиллаж байна. Камерийн бичлэгт дүрэм зөрчиж байгаа нь бичигдсэн, цагдаагийн байгууллагын ажилтаны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэг бичлэгийг бид нотлох баримт болгон тухайн хүнтэй эргэж хариуцлага тооцох болно.

-Хөдөө орон нутгийн машинуудад энэ журам хамаарах уу?

-Тэгэлгүй яахав. Хөдөө орон нутгийн улсын дугаартай машинууд мөн энэ журмыг мөрдөх ёстой.

-1 болон 6-аар төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь мэр сэр ажиглагдаж байлаа. Эдгээр жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Эдгээр жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар хэсэгт заасны дагуу торгууль ногдуулна, хөдөлгөөний аюулгүй байдлын журамд заасны дагуу эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

-Хэдэн төгрөгөөр торгох вэ?

-Эхний удаад 5000 төгрөгөөр торгоод хязгаарлалтын бүсээс яаралтай гарах зааврыг манай ажилтнуудын зүгээс тавих болно. Хэрэв бидний тавьсан шаардлагуудыг үл биелүүлсэн, дахин давтан зөрчил гаргасан бол бүр баривчлах хүртэл шийтгэвэр ногдуулж болно. Гэхдээ манай иргэд үнэхээр соёлтой хандах хэрэгтэй.

-Япон улсаас оруулж ирэхээр болсон ачигч машинууд хэзээ орж ирэх вэ?

-Энэ ажил бараг биелэх шатандаа ороод явж байгаа. Гэхдээ бид осол гаргасан, нэгдүгээр эгнээнд бусдад саад болгон тавьсан машинуудыг ачиж байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж