Мэдээж хэрэг сард 200 мянгаас дээш төгрөг төлөөд хувийн цэцэрлэгт хүүхдээ оруулах боломжтой бол арай л амар. Гэхдээ л гэрийнхээ ойр, санаандаа таарсан хувийн цэцэрлэг олно гэдэг ч бас амаргүй даваа болсон гэнэ.
Цэцэрлэг байгуулах нь бүү хэл машин тавих зогсоол олдохгүй болсон хот орчимд хувийн цэцэрлэг ч олдоход хэцүү.
Бүр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хөнжил пүүгээтэйгээ цэцэрлэгийн гадна хонож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр халаглан мэдээлсэн. Тэгвэл бүр цэцэрлэгийн гадаа хоноод ч хүүхдээ бүртгүүлж чадаагүй тохиолдол гарсан байна. Хэтрүүлэг гэж бүү бодоорой.
Уг нь хөөрхий нялх балчир үрсээ харах хүн байхгүй, өөрсдөө ажил хийхгүй бол хүүхдээ тэжээх аргагүй эцэг эхчүүд яаж ийгээд л хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулахыг хичээдэг. Тийм ч болохоор ажил төрлөөсөө чөлөө аван байж, бүтэн жил хүүхдээ аюулгүй байлгах юм даа гээд өдөржин шөнөжин ч хамаагүй дугаарлаж байгаад авлига ацгийг нь ч хамаагүй өгөөд хүүхдээ бүртгүүлье гэсэн аав хөнжил, пүүгээ, хэрэг болж магадгүй хэмээгээд хэд гурван төгрөг хармаалаад цэцэрлэгийн гадаа хонохоор болж.
Мэдээж хэрэг түүний л адил зовлонтой баахан эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа цугласан байж. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь “3аавал ингэж хонож өнжих шаардлагагүй ээ, би нэрсийг нь бичээд авчихья. Тэгээд маргааш ном журмынхаа дагуу бүртгүүлчих” гэж тайвшруулж. Гэвч өглөө эргээд ирэхэд нь аль хэдийнэ хүүхдийн тоо бүрдчихсэн гэж. Үүнээс болоод ганцхан шөнө гадаа хонохоосоо хулгаад хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадсангүй хэмээн гэр бүл сарних дээрээ тулсан хэрүүл дэгдэж байгаа аж.
Ийн гадаа хонуулахгүй сайхан сэтгэл гаргасан эрхлэгч хийгээд гэнэт л хүүхдийнх нь орон тоо дуусчихдаг цэцэрлэгийн хаягийг энд бичмээр л байна. Даанч нэр усаа хэлчихвэл аргалаад ч болох нь ээ хүүхдээ цэцэрлэгт оруулчих гэсэн эцсийн найдвар нь тасарчих учраас битгий бичээрэй гэж эцэг эхчүүд аминчлан гуйж байна. Яаж ийж аргалж байгаад л хүүхдээ цэцэрлэгт өгчихье гэсэн хүсэл, найдвар байгаа учраас.
Бүр арга ядахдаа намрын хэдэн өдрүүдэд аргалж байгаад өвөл болж хүүхдүүд эхнээсээ ханиад шуухинаа хүрээд цэцэрлэг завсардах үеэр ч болох нь ээ хүүхдээ оруулчих юм сан гэсэн арга тасарсан гэмээр “найдвар” ч бас байгаа гэсэн.
Ганцааранг нь өвлийн хүйтэнд гэрт нь цоожлоод үлдээхээс л дээр шүү дээ. Ингээд л хэд хэчнээн хүүхэд гэртээ цоожлогдон үлдэх бол доо гэж бодохоос аймаар. Аз болж дээрээ ах, эгчтэй, эсвэл дэргэдээ бараа болох эмээ өвөөтэй бол амь нас нь арай л баталгаатай болж байгаа нь тэр.
Ингэхэд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй хэд хэдэн “азгүйчүүд” нийлээд нэг нь ажлаасаа гарч хүүхдүүдээ харах ч юм уу, эсвэл эмээ, өвөө хөлслөх арга хайдаг юм уу. Хүүхдээ хүний бараагүй үлдээхээс л дээр. Гэртээ ганцаараа үлдсэн хүү… гээд мэдээ гардаг даа, түй түй бичихээс ч, бодохоос ч аймаар санагдчихлаа.