Роберт Паттинсон: Би Кристенийг уучилж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Роберт Паттинсон: Би Кристенийг уучилж чадахгүй

Холливудад энэ зун хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол Кристен Стюарт 26 настай, амжилт бүтээлээр дүүрэн, төрөлхийн царайлаг Роберт Паттинсоныг араар нь тавьсан явдал байлаа. Яах ч аргагүй баримтаар нотлогдсон зүйл. 22 настай Кристен Стюарт 41 настай Руперт Сандерстай амрагийн холбоотой гэдэг нь тодорхой болсон. Сандерс “Цасангоо ба анчин” киноны найруулагч, харин Кристен энэ киноны гол дүрийг бүтээсэн. Гэтэл шуугиант мэдээлэл тарахаас ердөө сарын өмнө Руперт Сандерс өөрийн эхнэр болох 34 настай загвар өмсөгч, жүжигчин Либерти Росст хайраа илчилж байсан билээ. Дашрамд хэлэхэд, Либерти “Цасангоо ба анчин” киноны Цасангоогийн эхэд тоглосон юм. Руперт долоон жилийн турш эхнэртээ гэрлэх санал тавьж чадалгүй өдийг хүргэсэн, хүү охин хоёртоо ухаангүй хайртай тухайгаа ярьж байсан нь саяхан… Нөгөөтэйгүүр, Кристений хийсэн үйлдлийг ч ойлгох арга алга. Холливудын хамгийн атаархам сүйт залуутай хайр дурлалын холбоо үүсгэн ид дундаа явж байсан хэрнээ яагаад гэнэт өөр хүнийг сонирхох болов.

 “Харуй бүрий” киноны баатрууд амьдрал дээрээ ч бас хайр сэтгэлийн холбоотой болсныг үзэгчид баяртайгаар хүлээн авсан. Тиймээс энэ сайхан хосыг хэзээ хурим хийхийг нь хүлээж суусан. Тэд Роберт, Кристен хоёрыг Робстен гэж товчилж дууддаг байлаа. Тэгтэл дээрх шуугиан дэгдэж Робертын шүтэн бишрэгчид Кристений тоглосон кинонуудыг үзэхээс татгалзан эсэргүүцэл зарлах болсон. Харин Кристений хувьд Роберт дээрх шуугиант мэдээг хэрхэн хүлээж авах бол гэдэгт л санаагаа чилээж байв. Бүсгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан буруугаа хүлээж хайрт залуутайгаа эргээд хамт байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Одоо харин түүний үг хэлэх ээлж…

-Роберт оо, Кристен та хоёр гэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор мэдээлээгүй. Гэхдээ чамайг Кристенд 40 мянган долларын үнэтэй, “Би хол байсан ч миний хайр үргэлж чамтай хамт” гэж латинаар бичсэн үгс бүхий бөгжийг бэлэглэсний дараа бүх хүн та хоёрыг эхнэр нөхөр болсонд тооцох болсон юм шиг ээ…

-Үүнээс илүүтэйгээр Кристен өөрөө намайг гэрлэх санал тавьсан гэж яриад байгаа. Үнэнийг хэлэхэд, би санахгүй байна. Магадгүй, миний хэлсэн үгийг тэр буруугаар ойлгосон байж мэднэ.

-Тэгвэл хэргийн учир түүнд л байгаа юм биш үү. Та гэрлэх санал тавих гэж яарахгүй байтал Кристен таныг хүлээж залхсандаа зориуд ийм мэдээллийг тараасан юм биш биз. Тэр таны оронд эхнэртэй, өөрөөс нь 19 насаар ах, нэг талаасаа бас их сайн хань гэгддэг Руперт Сандерсыг сонгосон гэдэгт нэг л итгэж чадахгүй нь. Зориуд зохион байгуулсан жүжиг биш биз?

-Сандерсын талаар болон түүний сайн хань гэсэн нэр хүндийн нь талаар та бүрэн ойлголттой хүн биш бололтой. Би Либертиг танина. Либерти нөхрийгөө хажууд нь огт байдаггүй тул хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа гэсэн. Харин Кристений хувьд гэвэл… Зориуд бодож олсон төлөвлөгөө биш байсан байх аа. Түүнд эмэгтэй хүний энгийн нэгэн сээтэгнэл байдаггүйгээс гадна дүр эсгэж чаддаггүй яг өөрийнхөөрөө л байдаг. Ер нь сэтгэл зүрх нь түүнд юу гэнэв яг л түүнийгээ дагадаг хүн.

-Түүний зүрхэнд та л байдаг юм биш үү. Тийм учраас Кристен хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон түмний өмнө буруугаа хүлээсэн шүү дээ. “Хийсэн үйлдлээрээ хамгийн дотно хүмүүсийнхээ сэтгэлийг шархлуулсандаа би гүнээ хүлцэл өчиж байна. Хоромхон зуурын, болгоомжгүй хийсэн алхам маань миний амьдралын хамгийн чухал зүйл болох хайрын холбоог минь эрсдэлд оруулж, хэмжээлшгүй хүндэлж явдаг хайртай залуу Робынхоо сэтгэлд сэв суулгачихлаа. Би түүнд хайртай, тиймээс надад маш хүнд байна” гэж хэлсэн. Сандерс ч бас үтэр түргэн уучлалт гуйсан. Харин эхнэр нь “Хагархай шаазан удаан тэсдэг юм” гэж хэлснээс үзвэл түүнийг уучилсан бололтой. Гэтэл та өнөөдрийг хүртэл энэ талаар юу ч дуугарсангүй…

-Хэзээ ч эвлэрч чадахгүй зүйлс надад бий. Хоромхон зуурын сэтгэл хөдлөлийг би уучилж чадна. Харин хүн хоёр туулай зэрэг хөөж эхэлбэл би үүнийг ойлгохыг ч, уучлахыг ч хүсэхгүй. Гэтэл Кристений тохиолдолд энэ явдал хоромхон зуурын сэтгэл хөдлөл байсан гэж хэлэх арга алга. Тэр хоёр тавдугаар сараас буюу “Цасангоо ба анчин” кино дэлгэцэнд гарах үеэр уулзаж учирч эхэлсэн юм билээ. Би хөнгөмсөг явдал хөөж явах хүн биш. Хүмүүс бие биедээ 100 хувь үнэнч байж л хамтдаа амьдарна. Энэ хувь дутуу байж болохгүй. Тиймээс надад ч гэсэн үүнийхээ хариуд 100 хувь үнэнч сэтгэлийг хүлээн авах эрх бий.

-Тийм учраас та бушуухан шиг хувцсаа баглаад Лос-Анжелесийн Лос-Фелис дүүрэгт орших гайхалтай харшаа орхиж явсан хэрэг үү. Энэ харшийг та өнгөрөгч есдүгээр сард худалдаж аван Кристентэй цуг амьдарч байсан байх аа?

-Байшингаа орхих хэцүү байгаагүй ээ. Тэртээ тэргүй би тэнд бараг амьдарч байсангүй. Үргэлж л зураг авалтын нэг талбайгаас нөгөө рүү нүүж явлаа. Ер нь “зангуугаа усанд хаях” хүсэл надад одоогоор төрөхгүй л байна. Гагцхүү Кристен Баавгай хочтой нохойг маань авах гэж зүтгээд байгаад л миний сэтгэл их гонсгор байна. Кристен түүнд их хайртай, хүү гэж дууддаг. Харин би түүнд өгч чадахгүй нь. Хүмүүст итгэх итгэл маань алдарсан яг энэ үед л надад нохой маань маш их хэрэгтэй байна. Баавгай бол миний жинхэнэ дотны анд. Намайг зураг авалттай байхад тэр маань надтай цуг зочид буудалд амьдардаг. Баавгайг би хүмүүсийн атаархлыг төрүүлэхүйц эрхлүүлдэг. Мөн хамтдаа хувийн онгоцоороо нисдэг.

-Аргагүй ээ. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн зуршил юм даа. Та чинь саятнуудын бүлэгт багтах болсон шүү дээ. Өнгөрөгч онд “Форбс” сэтгүүл хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтдаа таныг 11 дүгээр байранд оруулсан байна билээ?

-Би мөнгөтэй харьцаж чаддагүй юм. Энэ талаар ямар ч мэдлэг байхгүй. Дэвид Кроненбергийн найруулсан “Космополис” кинонд би тэрбумтан банкирын дүрд тоглосон. Тэгээд Францын Канн хотноо киноны нээлтийг хийсний дараа олон хүн надаас яг энэ талаар зөвлөгөө авахыг хүсч байсан. Гэтэл олигтой хэлчих юм байгаагүй тул би тэнэг юм шиг инээгээд л зогсч байлаа. Хувьцаа, хөрөнгө оруулалт, тэрбум ногоон гэх зэрэг нь миний хувьд хоосон үгс. Орчлон ертөнц хязгааргүй гэдгийг төсөөлж чадахгүй шиг эдгээрийг би нүдэндээ төсөөлж харж чаддаггүй. Харин мөнгөний хувьд гэвэл гөлөг маань өвчин тусахад л би мөнгөтэй байх сайхан юм гэдгийг анх удаа ойлгосон гэх үү дээ. Тэр маань парвовирусны энтерит хэмээх өвчин туссан байсан. Сүүлд олж мэдэх нь ээ, ийм өвчнөөр өвчилсөн нохдын 90 хувь нь үхдэг юм билээ. Харин би тэр үед амьтны хамгийн сайн эмч дээр оочер дайрч ороод “Бид хоёрт хамгийн сайн эмчилгээ хэрэгтэй байна. Яг одоо” гэж загнах шахам хэлж байсан юм. Тэгээд тэрнийг маань эмчилж өгсөн.

-“Космополис” кинонд таны баатрын лимузинийг улангассан хүмүүс бүчин авч янз бүрийн хараал урсгаж байгаа хэсэг бий. Та ч бас нэг иймэрхүү явдалтай нүүр тулж явлаа уу?

-Тийм шүү. Гэхдээ үнэнийг хэлэхэд, бодит амьдрал дээр илүү аймаар юм билээ. Би нэг бус удаа ийм явдалтай нүүр тулж байсан. Хамгийн аймаар нь Мехикод “Харуй бүрий” киног толилуулах үед тохиолдсон. Хүмүүс киног үзэж амжаагүй байлаа. Нээлтийн өмнө бид үзэгчидтэй уулзаж киноныхоо трейлерийг үзүүлтэл тэдний сэтгэл нэлээд хөдөлсөн юм шиг байна лээ. Уулзалтын дараа бид машиндаа суух гэтэл хорлонтой юм шиг хаалганууд нь түгжигдчихсэн байсан. Тэгтэл хэдэн залуу бидэнд туслахаар гүйгээд ирэв. Харин миний менежер Ник буруу ойлгоод тэднийг хөөж эхэлтэл тэд гомдчихсон. Тэгээд юу болсон гэж санана аа. Машиндаа яаж сууснаа ч одоо санадаггүй юм. Сигналыг нь бахируулсаар бүчиж авсан үзэгчдээс арай хийж салтал баярлах эрт байв. Жолооч маань зүг чигээ алдан буруу газар руу эргэсэн бололтой бид мухар гудам руу орчихсон. Урд маань машины олон давхар зогсоол байсан. Гэтэл бидний хойноос улангассан хүмүүс элдээд байдаг. 400-аас багагүй хүн байсан даг. Бид гарах газар хайсаар онгорхой хаашаагаар ортол нөгөө зогсоолын талбайд нь ороод ирчихсэн байсан. Харин тэндээс гарахын тулд хоёр билүү дээ доллар төлөх ёстой болов. Гай газар дороос гэгчээр, тэр үед хэнд маань ч бэлэн мөнгө байсангүй. Гэтэл араас элдэх хүмүүс улам ойртсоор л… Яг л хавханд орчихсон шиг санагдаж байлаа. Хамгаалагч гэх тарган эмэгтэй биднийг гаргахгүй, цээжээрээ халхлаад зогсчихсон. Тийм болохоор бүгдээрээ халаасаа нэгжин задгай мөнгөнүүдээ нийлүүлж байгаад түүний гарт атгуулаад хаазаа жийгээд арилж өгч билээ.

-Энэ явдал хэзээ болсон юм бэ?

-2008 онд. Санахаар л айдас төрөөд байдаг юм. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс амьдардаг орнуудад иймэрхүү явдал тохиолддог. Жишээ нь, Италид ч юм уу. “Битлз” хамтлагийнхан ч гэсэн ийм явдалтай нүүр тулж явсан гэсэн. Ид мандаж явахад нь шүтэн бишрэгчид нь алчихаж ч мэдэхээр байсан гэдэг.

-Ингэхэд та чинь жүжигчин төдийгүй хөгжимчин хүн. “Bad Girls” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж гитар болон синтезатор хөгжим тоглон хамтлагтайгаа эсвэл ганцаараа бие даасан тоглолтоо хийдэг. Чөлөөт цаг гарах уу?

-Би саяхнаас серфингээр хичээллэж эхэлсэн. Тэнгис далайд ганцаараа байна гэдэг ямар байдгийг төсөөлөх ч үгүй байлаа. Жинхэнэ англи хүн гэдгээ одоо л мэдэрч байна. Бид чинь далайчин үндэстэн шүү дээ.

-Тэрнээс гадна тэнгис далайд ганцаараа байхад тань хэн ч таныг ажиглахгүй, танд хэт анхаарал хандуулахгүй аятайхан байгаа даа?

-Аль нэг кафед сууж байхад энд тэндээс хүмүүс гарч ирээд нүүр лүү камераар чичлээд байхаар миний дургүй хүрээд явчихдаг. Жүжигчид энэ тохиолдолд янз бүрийн л араншин гаргана. Зарим нь сэтгэлээ онгойтол цохиод авдаг бол зарим нь камеруудыг булааж аваад дэвсэлж орхидог. Үүнээс болж цагдаад дуудагдана. Би харин иймэрхүү увайгүй хүмүүстэй илүү тайван замаар учраа ололцохыг хүсдэг. Тэгээд ч маш сайхан арга бодож олсон. Зураг аваад эхлэхээр нь би гар утсаа гаргаж ирээд зөрүүлээд тэдний зургийг аваад эхэлдэг. Нэг мэдэхэд тэд хаашаа ч юм алга болоод өгсөн байдаг юм. Бас нэг ийм явдал тохиолдож байсан. Нэг шүтэн бишрэгч бүсгүй надаас салахгүй зовоогоод байлаа. Ямар ч арга нэмэр болдоггүй. Тэгж байгаад нэг арга бодож оллоо. Түүнийг хамтдаа оройн хоол идэхийг урьсан. Тэгээд ширээний ард суухдаа гунигтай царайлан амьдралыг муучилж эхэллээ. Ямар юм бурснаа одоо санахгүй байна. Юутай ч, эрүүл мэндийнхээ талаар болон өглөө хэрхэн муухай зантай босдог, эмэгтэйчүүдийг үзэж чаддаггүй гэхчилэн баахан худлаа бурж өгсөн. Ярьсан бүхэн маань түүнд бага санагдаагүй бололтой. Тэр өдрөөс хойш дахиж миний нүдэнд харагдахаа больсон доо, хөөрхий.

-Та хоёр жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа хүмүүс таныг “далавчаараа” халхлан хамгаалж үгнээс тань гардаггүй, үг сөрдөггүй тул өөрийгөө шувууны дэгдээхий шиг санадаг гэж хэлсэн байсан.

-Би нээрээ тэгж хэлсэн юм уу?

-Тийм ээ, би бүр өөрөө уншсан.

-Мэдэхгүй юм даа. Хэрэв би үнэхээр л дэгдээхий шиг байсан бол их л жаргалтай явах байсан юм биш үү. Гэтэл хүмүүс алхам тутамдаа надтай ам зөрөөд л байна шүү дээ. Би долигнуур зантай хүмүүст дургүй. Гэхдээ үргэлж өөдөөс эсэргүүцээд байвал бас уур хүрнэ. Туслахуудаасаа “Амаа тат”, “Новш оо” гэх зэрэг хараал сонсох таатай санагдахгүй нь лав биз дээ

-Та туслахуудаа яагаад ийм болгочихов. Зөөлөн зангаасаа болоо юу?

-Би зөөлөн зантай биш ээ. Би чинь хоёр эгчийнхээ дарамтан дор өссөн. Лиззи эгч маань одоо алдартай дуучин болсон. Харин Виктория сурталчилгааны компанид ажиллаж байна. Бага байхад тэд надаар яаж даажигнадаг байсан гэж санана. Даашинз өмсүүлээд үсэнд минь тууз уячихаад гадаа хөтлөөд гардаг байсан. Тэгээд тааралдсан хүн болгондоо “Энэ манай Клодия гэдэг охин дүү байгаа юм” гэж даажигнадаг байлаа. Ингэхэд би юу ярьчихав аа. Бага нас хэдийнэ өнгөрч би ч өөр хүн болсон. Саяхан тамхиа хаясан. Биеэ бариад явж л байна. Тиймээс шаардлага гарвал би маш хатуу байж чаддаг.

-Тэгвэл Кристенийг уучилна гэсэн найдвар бага юм шив дээ… 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж