”Гишүүдийн тойргийн мөнгийг цэцэрлэг барихад зориулья”

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

”Гишүүдийн тойргийн мөнгийг цэцэрлэг барихад зориулья”

УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилцлаа.


-УИХ-ын сонгуульд ялалт байгуулан сонгогдсонд тань юуны өмнө баяр хүргэе. Ардчилсан намд огт ялалт ирж байгаагүй тойрогт анх удаа өрсөлдөөд амжилт үзүүлсэн учраас баяр хүргэх нь зүйтэй биз ээ. Энэ удаад сүхбаатарчуудын сонголт ийнхүү эргэсний учир нь юунд байна гэж та бодож байгаа вэ?

-Баярлалаа. УИХ-д Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлж, ирэх дөрвөн жилд тэдэнтэй хамтран ажиллах болсондоо миний хувьд баяртай байна. Манай тойргийн сонгогчид энэ удаад өмнөх сонгуулиудынхаас өөр сонголт хийж, Ардчилсан намын төлөөллийг УИХ-д гаргаж ирсэн. Хамгийн гол нь сүхбаатарчууд энэ сонголтоо нэлээн эрт буюу дөрвөн жилийн өмнө хийсэн юм. Тодруулбал, 2008 оны Орон нутгийн сонгуулиар  Ардчилсан намд итгэл хүлээлгэж, аймгийн удирдлагын багийг ардчилсан үзэлтэй, эрч хүчтэй, чадварлаг залууст шилжүүлэн өгсөн. Тэдний энэ сонголт зөв байсныг нотлох хэмжээнд өнөөгийн удирдлагууд, Сүхбаатар аймгийн Засаг дарга .Батсуурийн багийнхан үйл ажлаараа үлгэрлэн харуулж чадсан. Тэнд өнөөдөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт маш эрчтэй хөгжиж, үр шимийг нь хөдөөгийн иргэд хүртэж байна. Энэ хөрс суурь сонгогчдын сэтгэл зүйг өөрчилж, УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилт үзүүлэх нөхцөл болсон. Хэдийгээр нэг мандаттай тойрог байсан ч үүнийгээ Ардчилсан намд өгсөн сонгогчдын итгэлийг Ардчилсан нам энэ дөрвөн жилд үзэл баримтлал, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаагаараа хариулна. Шинэчлэл, хөгжлийн бодлогыг хөдөөд хүргэж чадна гэж Ардчилсан намд сонгогчид итгэсэн. Бид энэ итгэлийг алдахгүйн төлөө ажиллах ёстой юм.

-Та өмнө нь бас УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Гэхдээ энэ хооронд дөрвөн жил завсарласан шүү дээ. Парламентад эргээд орж ирэхэд өөрчлөгдсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Ардчилсан нам олуулаа болж, төрийн бодлого шийдвэрт шинэчлэлийн салхи оруулах боломж энэ удаагийн парламентад бүрдээд байна. УИХ-д суудал бүхий нам, хүчний харьцаа өөрчлөгдсөн, улс орны эдийн засагт эрс өсөлт бий болсон, эрх зүйн орчинд ахиц дэвшил гарсан гээд тоочвол улс төрийн хүрээнд өөрчлөгдсөн зүйл олон бий. Мөн энэ дөрвөн жилийн хооронд сонгогчдын үзэл бодол, итгэл үнэмшил ч өөрчлөгдсөн нь сонгуулийн үеэр ч, өнөөдөр ч их тод мэдрэгдэж байна.

-Тухайлбал, сонгогчдын үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн гэж?

-Улс орны хөгжлийн бодлогыг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлдэг юм байна гэдгийг илүү ойлгох болж. Тэр тусмаа Ардчилсан нам арай өөр зүйлийг зорьдог юм байна гэдэг итгэл үнэмшил иргэдийн дунд давамгайлж байна. Энэ нь сүүлийн хоёр ч сонгуулиар харагдлаа. Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгосон, Ардчилсан намыг олуулаа болгосон. Авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох, иргэдийнхээ эрх чөлөөг эдийн засгийн баталгаагаар хангах үзэл санааг иргэд маань дэмжиж байна гэсэн үг. Мөн нөгөө талаас УИХ-ын гишүүд тойргийн аж ахуйн асуудлыг шийддэг хүн биш, төрийн шийдвэрт өөрсдийн оролцоог төлөөлөх гүүр гэдгийг ухамсарладаг болсон байна. Орон нутагт нам санй ажиллаж байгаа тохиолдолд хөдөө, аймгийн иргэд УИХ-ын гишүүн рүү өргөдөл, гомдол барьж ирэх нь бас багасдаг бололтой. Сүхбаатар аймгийн Ардчилсан нам сайн ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Гэхдээ яг өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүдийн нэг асуудалд булуулдаг нь хэвээрээ юм байна. Тэр нь оюутны сургалтын төлбөр хүссэн өргөдөл, хүсэлт. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал ямагт хүнд асуудал байсан, яг хэвээрээ.

-Тэгээд энэ асуудлыг таны хувьд яаж шийдвэрлэж байна вэ?

-Энэ бол ганц, нэг гишүүдийн шийдчихдэг зүйл биш юм аа. Боловсролын системд тулгамдаж байгаа өнөөдрийн хамгийн гол асуудал. Ганц удаагийн тушаал, шийдвэрээр ч зохицуулчихгүй, тогтолцооны томоохон өөрчлөлтөөр шийдэгдэх зүйл. Хүмүүс яагаад хүүхдээ сургах мөнгөгүй байна вэ? Энэ бол өнөөдрийн нийгмийн бодит байдал, үнэн нүүр царай нь юм. Товчхондоо бол нийтээрээ амьдрал нь ядуувтар байна гэсэн үг. Иргэд ажилгүй байна, ажилласан ч амьдралынхаа наад захын асуудлыг шийдэх хэмжээний орлого олж чадахгүй байна гэсэн үг. Ажлын байр бий болгох, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх, бусад орлогын эх үүсвэртэй болгох ёстой юм гэдгийг л наад зах нь сургалтын төлбөрийн асуудал илчилж байна. Сургалтын төлбөр бол зардлын нэг л хэсэг нь. Цаана нь амьдрах өртөг бас бий шүү дээ. Товчоор бол, хүмүүстээ амьдралын баталгаа, эдийн засгийн баталгааг нь өгье. Ингэж байж энэ бүх бэрхшээлүүд шийдэгдэнэ. Тэрнээс биш сургалтын төлбөрийг нь бууруулах замаар үүнийг шийдэх нь явцтай бодлого биш юм. Гэхдээ сургалтын төлбөрийг нэмэгдүүлж байгаа үндэслэл нь эрүүл, зөв байх ёстой. Сургалтын агуулга, чанар, сургалтын орчныг сайжруулах үндэслэлээр төлбөрөө нэмж болно, харин шаардлагагүй, үндэслэлээр төлбөрөө нэмэгдүүлж болохгүй. Өнөөдөр хөгжингүй орнуудыг харж байхад дундаж давхаргынхан нь хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хангалттай зарцуулчих мөнгөн орлоготой. Жилдээ нэг удаа гэр бүлээрээ гадаадад аялж, амрах хуримтлалтай байна. Бид монголчуудаа энэ хэмжээний орлоготой, амьжиргаатай болгох ёстой. Үүнийг яаж бий болгох вэ гэдэгт Ардчилсан намын бодлого чиглэж байгаа. Иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шийдүүлэх гэж төрийн ордон руу өргөдөл барьж гүйх биш, цалин хөлсөөрөө олдог тийм нийгмийг богино хугацаанд бий болгохыг бид зорьж байгаа. Монгол хүн-2020 хөтөлбөрийн үзэл санаа ч үүнд чиглэсэн. Өнөөдөр үүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. Наад зах нь Багануурт төлөвлөөд байгаа оюутны хотхоныг яаравчлан байгуулмаар байна.  

-Та яриандаа нэгэнт боловсролын салбарын асуудлыг хөндсөн учраас энэ сэдвийг үргэлжлүүлэх нэг асуулт тавья. Өнөөдөр сургалтын төлбөрөөс гадна боловсролын байгууллагын тоог нэмэх шаардлага маш их байна. Наад зах нь төлбөргүй сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй байна шүү дээ. Одоо яах вэ?

-Тийм ээ. Өнөөдөр хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж гадаа нь дугаарлаж хонож байна, албан тушаалтанд авлига өгч байна. Авлиганд өгөх мөнгөгүй эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй, гэрт нь цоожлоод ажилдаа явах болж байна. Өнгөрсөн жилд эцэг, эхчүүдийн хайхрамжгүйгээс болж эндсэн хүүхдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн статистик байна. Сэтгэл эмзэглүүлэм осол, гэмтлийн шалтгааныг нь аваад үзэхэд эцэг, эхчүүдэд хүүхэд асрах хүн, хүүхдээ асран хамгаалах орчин дутагдаж байна. Хүүхдээ зориулалтын орчинд буюу цэцэрлэг, яслид өгчихөөд ажлаа хийхэд сэтгэл амар байна шүү дээ. Гэтэл хүүхдээ хүйтэн гэрт хоол ундгүй өдөржин орхичихоод өдрийн найман цаг ажил хийнэ гэдэг ямар том зовлон болохыг төсөөл дөө. Эсвэл ажил, орлогоо хаяад гэртээ хүүхдээ хараад суухаас өөр замгүй болно. Энэ хэрээр тэр айлын орлого хомсдоно, амьжиргаа муудна. Уг нь үүнийг шийдвэрлэх гарц нь маш тодорхой шүү дээ. Цэцэрлэг, сургуулийн тоог л нэмэх хэрэгтэй. Харин яаж гэдэг нь асуудал байж магадгүй. Нөгөө хөрөнгө мөнгө, боловсон хүчин энэ тэр гээд манайхны тоочдог зовлон байдаг даа. Гэхдээ сэтгэл байгаад санаачлага байвал шийдэж болно. Өнөөдөр улс орон нэг үеэ бодвол мөнгөтэй болчихлоо. Хамгийн гол нь хэрэгтэй зүйлээ хийх ухаан дутаж байна. Миний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдож байгаагийн хувьд хамгийн ойрхон харж буй боломж маань гэвэл гишүүдийн тойргийн мөнгө. УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгийг бүгдийг нь цэцэрлэг, ясли барихад зарцуулья. Зориулалт нь тодорхойгүй энэ мөнгийг хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулья гэж гишүүддээ уриалмаар байна. Бүр зориулалтыг нь заасан хууль гаргаад хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй шүү дээ.

-Та энэ талаар тооцоо судалгаа хийж үзэв үү?

-Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд 308 цэцэрлэг бүртгэгдсэн байна. Үүний 128 нь хувийн цэцэрлэг. Цэцэрлэгүүд 2011 онд хүчин чадлаа 21 хувиар хэтрүүлэн хүүхдүүдийг бүртгэн авсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэг хүчин чадлаараа 41183 хүүхэд авах ёстой байсан. Гэвч нийт 170845 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлсэн байна. Энэ жил төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүд нийтдээ 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн. Хэдийгээр нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой байтал одоогоор энэ тоо 50 гараад байна. Энэ бол болж бүтсэн зүйлүүд. Үүний цаана цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн тоо тун чухал.

Өнөөдөр хувийн хэвшлийн цэцэрлэгүүд “хүүхэд элсүүлнэ” гэдэг зар өгөх шаардлагагүй болж. Тэд ачааллаа дийлэхгүй болчихлоо. Одоо тэдэнд шинэ байр сав л чухал болж байна. Банкны зээл аваад зориулалтын байр өөрсдөө барьсан цэцэрлэгүүд цөөнгүй юм байна. Анги танхим, урлагийн заал, гал тогоог нь боломжийн хэмжээнд шийдсэн нэг байр барихад дунджаар 300-500 сая төгрөгийн өртөгтэй. Гэхдээ ийм барилга барихад зээлийн барьцаа, хүү, хугацаа энэ тэр нь хүчирхэхийн аргагүй юм. Төрийн гар харалгүй өөрсдөө асуудлаа шийдэж байгаа боловсролын байгууллагуудад эдийн засаг, татварын дэмжлэг үзүүлэх цаг болсон байна. Өнөөдөр улсын өмчийн цэцэрлэгүүд л гэхэд зуны турш хаалгаа хаагаад байраа түгжээд явчихдаг. Хашаанд нь хүмүүс зунжин архиддаг. Гэтэл хүүхдүүд гэртээ цоожлуулаад үлдэж байна. Гэх мэтээр бодох, шийдэх асуудал олон байна. Миний хувьд ирэх намрын ээлжит чуулганы хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байна. 

-Та бизнесийн салбарт олон жил амжилттай ажилласан. Энэ хэрээрээ бизнес, эдийн засгийн салбарын эрхзүйг өөрчлөх талаар ажиллах болов уу гэж би бодож байсан. Харин нийгмийн асуудлаар “өвчилж” байгаа бололтой.

-Тийм ээ. Би цаашид нийгмийн салбарын асуудлаар ажиллах бодолтой байгаа. Бизнесээс бүрмөсөн гарахаар шийдсэн. Хөдөө, орон нутаг, хүний хөгжлийн ажиллах бэлтгэлээ өнгөрсөн дөрвөн жил базаасан. Тэр дундаа аав, ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймгийг хөгжүүлэх талаар орон нутгийнхантай нэлээн ойр хамтарч ажиллаж байна. Миний ээж, аав хоёулаа эмч хүмүүс. Аав маань хүний гавьяат эмч байсан. Аав маань өөд болохоосоо өмнө сүүлийн хэдэн жил дараалан намайг нутаг руу дагуулан явж, ах дүү, нутаг усныхантайгаа ойртуулсан нь захиас, гэрээсээ үлдээж байсан хэрэг юм билээ. Сүхбаатар аймаг газар зүйн байршил, эдийн засгийн бүс талаасаа хөгжих асар их ирээдүйтэй. Харин тэр хөгжлийн үр шимийг нутгийнхандаа хүргэх нь биднээс хамаарна. Ер нь хүн хөгжөөгүй цагт улс орон хөгжихгүй. Хүмүүс амар тайван, эсэн мэнд амьдрах орчин хамгийн чухал. Давын өмнө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөдөөгийнхөнд ойртуулах хэрэгтэй байна. Өнөөдөр хөдөөгийн суманд амьдарч байгаа эх амаржихын тулд аймгийн төв ирж байна. тэгээд ч зогсохгүй хүүхдүүдээ малын бэлчээрт орхичихоод ирж чадахгүй, бүгдийг нь аваад 40-200 км зам туулж, төв рүү явж байна. Амаржих гээд өвдөж байгаа эхэд арай л хүнд ачаа оногдож байгаа хэрэг шүү дээ. Сум бүрт, үгүй юм гэхэд сум дундад төрөх тасаг байгуулах хэрэгтэй. Тэрчлэн гэмтлийн үеийн тусламжийг сумдад ойртуулмаар байна. Мориноос унаад хөл, гараа хугалсан, түнхээ мулталсан хүүхэд Улаанбаатар хүрэхээс нааш мэргэжлийн эмчилгээ хийлгэж чадахгүй, насан туршаа тахир дутуу болоод үлдэж байна. Энэ бол жинхэнэ эмгэнэл. Ийм л орчинд хөдөөгийнхөн маань амьдарч байна. Өнөөдөр хориннэгдүгээр зуун. Хүнийг хувилах боломжтой болчихоод байхад монголчууд бид амаржиж байгаа эхийг араг түшүүлээд байж байна. Хүнийхээ төлөө нийгмийг байгуулахад би сэтгэл, зүтгэлээ зориулна гэж шийдсэн.

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж