-Шүдний өнгөр, чулуу гэж ярьдаг боловч хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Чухам юунаас үүсдэг юм бэ?
-Шүдний чулуу, өнгөр нь зовиур багатай учраас хүмүүс тэр бүр мэдэж,
анзаардаггүй. Чулуу, өнгөр голдуу амны хөндийн ариун цэвэр муу сахиснаас
үүсдэг. Өөрөөр хэлбэл, шүдээ буруу угааснаас үүснэ. Мөн шүлсний
зуурамтгай чанар ч нөлөөлдөг.
-Өнгөр ч яах вэ харагддаг. Харин чулуу нь харагддаг уу?
-Өнгөр нь шүдний ихэнх талбайг эзэлж шарлаж харагддаг. Яваандаа чулуу болж хувирдаг. Чулуу нь илүү тод харагддаг.
-Шүдний чулуутай болсноо хэрхэн мэдэх вэ?
-Чулуу нь анзаарагдаж харагдахгүй тохиолдолд юуны өмнө шүдээ угаахад
буйлнаас цус гарч, унтаад сэрэхэд амнаас гашилсан, эвгүй үнэр гарах
зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Тэгвэл амны эвгүй үнэр шүдний чулуутай холбоотой байх нь ээ?
-Ер нь бол шүдний чулуу буйл, шүд хоёрын завсраар түрж ургаад буйл
үрэвсэж, эмгэг хөндий үүсгэдэг. Үүнээс болж амнаас эвгүй үнэр гардаг л
даа.
-Нэгэнт чулуугаа түүлгэсэн тохиолдолд дараагийн удаа урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Чулуугаа түүлгэсний дараа зургаан сард нэг удаа амны хөндийн эмчид
үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хамгийн гол нь шүдээ зөв цагт, зөв
угаах шаардлагатай. Өглөөний цайны дараа, орой яг унтахын өмнө шүдээ зөв
хөдөлгөөнөөр угааж занших ёстой.
-Чулуугаа авахуулахгүй удсанаас сөрөг үр дагавар нь юу байдаг бол?
-Шүд, буйлны хооронд эмгэг хөндий үүсч, буйл үрэвсэнэ. Түүнээс гадна
чулуу нь шүд хоорондын эрүүний яс таславчийг түрж ургаснаас эрүүний яс
шимэгдэж, буйл ясаа дагаж агшсанаас болж шүд хөдөлгөөнд ордог. Энэ нь
эцэстээ шүдгүйдэлд хүргэдэг.
-Шүд өнгөө алдах нь чулуутай холбоотой юу. Чулуугаа түүлгэчихээд
цайруулах эмчилгээ хийлгэвэл яах вэ. Дахин чулуужихгүй байх магадлал хэр
вэ?
-Шүд өнгөө алдах нь чулуутай холбоогүй. Шүд угаалт буруу, оогоо зөв
сонгоогүйгээс өнгө алддаг. Мөн цайруулах эмчилгээ нь чулуутай ямар ч
холбоогүй. Сүүлийн үед шүдний цоорлоос хамгаалах үйлчилгээнээс гадна
цайруулах, шүдний чулуу, өнгөр үүсэхийн эсрэг үйлчилгээтэй оонууд
худалдаалагдах болсон шүү дээ. Тэдгээрээс сонголтоо хийж зөв угаах
хэрэгтэй.
-Зарим хүний буйл нь хөх байдаг. Энэ нь чулуутайн шинж үү?
-Энэ нь бас л нэг буруу ойлголт. Буйл хөх байх нь буйлны цусан хангамжаас шалтгаалдаг.
ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"