Тэднийг Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр нарын албаны хүмүүс дагалдав. Замын ажилтай танилцах багийнхан эхлээд Яармагийн гүүрнээс нисэх, яармагийн товчоо хүртэлх 13.7 км, сөрөг урсгалтай зургаан эгнээ бүхий замын барилгын ажлын гүйцэтгэл хэрхэн явагдаж байгааг үзсэн. Уг ажлыг “НКВ” интернейшнл гэдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байгаа аж.
Төлөвлөгөө ёсоор замын ажил өнгөрсөн тавдугаар сарын 24-нд эхлээд дараа оны аравдугаар сарын дундуур дуусах ёстой байсан. Гэвч он дамжин хийгдэх энэ ажил борооны улмаас хугацаандаа эхэлж чадаагүй гэнэ. Энэ жилдээ багтаад уг ажлын 30 хувийг хийх аж. Өөрөөр хэлбэл замын далан суурь, жижиг гүүр, хоолойнуудаа хийх ажлыг энэ жилдээ хийж амжих юм байна. Харин хучилтыг ирэх жил хийх гэнэ. Борооны ус зайлуулах хоолой, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламж, хайрган хөвөө бүхий иж бүрэн энэ зам нийслэлээс санхүүжиж байгаа бөгөөд нэг км-ийн баригдах өртгийг нь 480 орчим сая төгрөгөөр үнэлж байгаа гэсэн. Уг замын ажлыг хийж гүйцэтгэхэд зарим нэгэн хүндрэлтэй асуудал тулгарч байгаа аж. Тухайлбал зам дагуух шатахуун түгээх станцуудыг зайлуулж байгаатай холбогдуулан хөрөнгө гаргаж байгаа. Өмнө нь нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа ажлын улмаас иргэдийн эзэмшлийн обьектуудыг зайлуулж байсан хэдий ч шатахуун түгээх станц анхны тохиолдол юм байна. Тиймээс уг обьектын үнэлгээг хэрхэн хийхээ нийслэл мэдэхгүй байгаа гэсэн. Мөн сонсголонгийн уулзварын замын урд талд “Туурайн төвөргөөн” компани газар аваад, хашаа хатгачихаж. Үүнийг хөдөлгөх үнэлгээ бас хийгдэнэ. Хуулийн хүрээнд газраа аваад, хувийн компани хөрөнгөө гаргаад хашаа барьсан учраас шүүхийн өмнө унахаас Э.Бат-Үүл дарга айж байгаагаа учирлаж байлаа.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийтийн эзэмшлийн зам талбай барихад саад болж буй аливаа обьектыг шууд зайлуул хэмээн үүрэгдэв.
Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын танилцсан дараагийн замын ажил бол зүүн дөрвөн замаас ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил. “Ялгуусан” компанийн гүйцэтгэж буй энэ замыг япон стандартаар тавьж байгаа гэдгийг хотын дарга хэлж байв. Ингэхийн тулд тус компанийнхан ажилчдаа Япон явуулж, туршлага судлуулсан аж. Сөрөг урсгалтай, зургаан эгнээ бүхий энэ замын барилгын ажил дараа жилийн наймдугаар сард дуусах гэнэ. Харин үүнд Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж байлаа. Замын компаниудад тендер өгөхдөө олон км замыг нэг компанид он дамжуулан хийгдэх байдлаар өгмөөргүй байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэл тухайн замын компани энэ жилдээ хичнээн км зам барьж чадна, тэр хэмжээндээ ажлаа авдаг болох тогтолцоо руу оруулна шүү гэдгийг хотын даргад сануулсан юм. “Ялгуусан” компанийн хувьд энэ жилдээ буюу аравдугаар сарын 30-ны дотор багтаагаад зүүн дөрвөн замаас офицеруудын ордны тойрог хүртэлх замын ажлыг дуусгана гэсэн. Нэг талдаа 4.5, нийлээд есөн км урттай энэ замыг нийт 12.5 тэрбум төгрөгөөр барихаар гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл нэг км замыг 1.3 тэрбум төгрөгөөр барина гэсэн үг. Бусад замуудын адил борооны улмаас болж хойшилсон энэ ажил цагтаа эхэлж чадаагүй бас нэг шалтгаан бий аж. Яармагийн гүүр, нисэх, яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замыг нийслэл өөрөө санхүүжүүлж байгаа бол энэ замын санхүүгийн Хөгжлийн банкнаас орж ирсэн гэнэ. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар хөрөнгө нь түгжигдсээр өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 20-нд замын санхүүжилт нь орж иржээ. Эхний ээлжинд 12.5 тэрбум төгрөгийн буюу 20 хувийн урьдчилгаа авсан гэнэ.
Нийслэлд хийгдэж байгаа зам, барилгын ажлууд хугацаандаа ашиглалтад ордоггүйгээс гадна чанарын гүйцэтгэл хангалтгүй байдагт иргэд шүүмжлэлтэй ханддаг. Харин хотын шинэ удирдлагууд тендерийн хар дэвтэр гаргахаар болжээ. Уг дэвтэрт өмнө нь тендерийн ажил аваад, чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг тэмдэглэх гэнэ. Хотын хар дэвтэрт бичигдсэн компани дахин нийслэлээс ямар нэгэн тендерийн ажил авна хэмээн горьдолтгүй болохыг хотын дарга Э.Бат-Үүл энэ үеэр сануулж явлаа.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр замын ажил гүйцэтгэж буй компанийн удирдлагуудад хандан “Мөнгөнд санаа зоволтгүй, шаардлагатай хөрөнгийг чинь шууд өгнө. Харин замын ажлаа хугацаанд нь чанартай хийхэд анхаараарай” гэж захив.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин