“Америкийн нээлттэй тэмцээн” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

“Америкийн нээлттэй тэмцээн” эхэллээ

Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” өнөөдөр Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ жил 131 дэх жилдээ зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 24 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд  эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 1 сая 900 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртэх аж. Мөн 1-р тойргийг давсан теннисчин ч (64) 23 мянган ам.доллар хүртэх юм байна. Тэмцээн 14 хоног үргэллжиж есдүгээр сарын 9-нд өндөрлөнө. Тус тэмцээний өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдэд Австралийн Саманта Стосур түрүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд ATP ангилалын топ дөрөв болох Швейцарийн Рожер Федерер (1),
Сербийн Новак Жокович (2), Испаний Рафаэль Надаль (3), Их Британы Энди Муррей (4)
нар л “Их дуулга”-уудад ноёрхсон хэвээр байгаа бөгөөд "Их дуулга"-ын 11 түрүүг хүртэхдээ, 2010 онд "Америкийн нээлттэй тэмцээн"-ий цомыг хүртэж, өнгөрсөн жилийн шигшээд шалгарч байсан Испаний Рафаэль Надаль энэ жилийн тэмцээнийг өнжөөд байна. Надалийн эзгүйд Лондонд мөнгөн медаль хүртсэн, Рожер Федерер (17 цом), Сербийн Новак Жокович (5 цом) нар цомын тоогоо нэмэх үү, Лондонгийн аварга Энди Муррей анхны "Их дуулга"-аа хүртэх үү гэсэн олон таамаглалууд байна.

Эмэгтэйчүүдийн сонирхолтой тоглолтууд хоёрдугаар тойргоос эхлэх бөгөөд
тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор багтаж буй
Германы Анжилья Кербер (6), АНУ-ын Винус Уильямс
(47) нарын хооронд өрнөнө. Тэдний хувьд хувьд Лондонгийн олимпийн гуравдугаар тойрогт оноолт таарч Кербер 7:6, 7:6-аар ялалт байгуулсан байна. Гэсэн ч Винус дүү Серенагийн хамт хосын төрөлд түрүүлж олимпийн наадмын хосын гурав дахь (2000, 2008, 2012) алтан медалиа авчээ. Винус Уильямс ганцаарчилсан төрөлд 2000 оны Сиднейгээс алтан медаль хүртэж байсан байна. Түүний хувьд өнгөрсөн жил үе мөчний Sjogren Syndrome өвчний улмаас есөн сар тэмцээн
уралдаанд оролцоогүй байсан бөгөөд энэ оны хагасаас тэмцээнд оролцож
чансаагаа 47 хүртэл ахиулаад байна.

Энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, Лондонгоос хүрэл медаль хүртсэн, өдгөө WTA-н чансааг тэргүүлж буй Беларусын Виктория Азаренка, “Францын нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Мария Шарапова (3), “Уимбльдон”, Лондонгийн олимпид өнгөлсөн АНУ-ын Серена Уильямс (4) гээд олон шилдэгүүдийн сонирхолтой тоглолтуудыг харах л үлдлээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж