Төв талбайд хөлбөмбөгийн баяр болно

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Төв талбайд хөлбөмбөгийн баяр болно

Хөлбөмбөг сайн тоглож сурах үсэл сонирхолтой хүүхэд, багачууд хөдөө орон нутагт хаа сайгүй байгаа ч тэдэнд зааж сургах мэргэжлийн багш дасгалжуулагч хангалтгүй байгаа учраас ойрын жилүүдэд бүх аймагт очиж, хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг сайн тавих, аймгийн төв, сумдын ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургаж, эзэмшүүлэх зорилгоор МХБХ-ноос Монгол Улсын Засгийн Газар, Боловсролын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-БТСГ-тай хамтран “ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ – ИРЭЭДҮЙ” хөтөлбөр гарган, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ онд эхлүүлж, эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-нд болох Grassroots instructor буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах юм байна. Түүнчлэн есдүгээр сард эхний таван аймагт /Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул/ очиж, гурав хоногийн Grassroots дасгалжуулагчийн сургалт явуулах аж. Дээрх сургалтыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой /FIFA/ хамтран зохион байгуулж явуулах юм.

“ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ – ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа есдүгээр сарын 1-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд “Хөлбөмбөгийн баяр” нэртэйгээр болох ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцох юм байна.

Харин хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш нарын сургалтын нээлтийн ажиллагаа маргааш /VIII.28/ 09.00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны Төв байранд болох ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж