Норвегийн олон нийтийн айдас төгсөв

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Норвегийн олон нийтийн айдас төгсөв

Дэлхийн дайнаас хойших Норвегийн түүхэнд ийм аймшиг гараагүй юм. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 22-ны өдөр 77 хүний амийг хөнөөж, 42 хүнийг хүндээр шархтуулсан Андерс Брейвик 21 жилээр хоригдох ялаа авлаа.

2011 оны долдугаар сарын 22-нд Андерс Брейвик гэх норвеги эр Осло хот дахь Засгийн газрын ордны дэргэд микроавтобусанд нуусан бөмбөгөө дэлбэлж, найман хүн амиа алдлаа. Үүний дараа Брейвик Утёйя аралд очин залуусын лагерийнхнийг буудаж 69 хүн амиа алдсан юм. Олны хүний амийг хоморголон хөнөөсөн алуурчин хэргээ хүлээсэн ч мөрдөн байцаалт нэг жил гаруй үргэлжлэв. Эцэст нь энэ наймдугаар сарын 24-ний өдөр шүүх түүнийг 21 жил хорихоор санал нэгтэйгээр шийдвэрлэлээ. Энэ нь Норвегийн хамгийн дээд хэмжээний ял юм.

Нээлттэй бөгөөд шударга шүүх

Брейвик ал­лага үйлдсэнээ үгүйс­гээ­гүй. Тэр бүү хэл ийм хэргийг дахин дахин хийх хүсэлтэйгээ хэлж, цагаан арьстнуудыг исламаас аврагч хэмээн тунхагласан юм. Нэг хэсэг шинжээчид түүнийг сэтгэцийн гажигтай гэсэн бол нөгөө хэсэг нь Брейвикийг хийсэн хэргээ хүлээх бүрэн чадвартай гэж дүгнэжээ. Тэрс үзэл санааных нь төлөө түүнийг сэтгэцийн гажигтай, хэрэг хүлээх чадваргүй гэж үзэх ёсгүй гэж шүүгч Венке Элизабет Арнтцен үгүйсгэсэн байв. Эрх чөлөөг нь 21 жилээр хязгаарлан хорих ийм хатуу ялыг Норвегийн түүхэнд анх удаагаа оноож байна. Үүний зэрэгцээ таван жил тутам түүний ялын хугацаах сунгах боломж байгаа ажээ. Шүүхийн шийдвэрийг амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн түгшин хүлээж байсан. Хэрэв Брейвикийг хэрэг хүлээх чадваргүй гэж тогтоовол давж заалдана гэдгээ тэд мэдэгдэж байсан юм. Чингэвэд мөрдөн байцаалт олон сараар сунжирч, хэлмэгдсэн норвегичуудын сэтгэлийн шархыг сэдрээх байлаа.

Телевиз, компьютер, бэлтгэлийн хэрэгсэлтэй хорих өрөө

Шийдвэр сонсгох өдөр Брейвик шүүхийн танхимд орж ирэхдээ нацист маягаар гараа өргөн мэндчилж, ял сонсохдоо хүйтнээр инээмсэглэж байв. Тэрээр дээд шатны шүүхэд давж заалдахгүй гэжээ. Шүүх ажиллагааны явцад тэрээр шүүхийн танхимыг үзэн ядах сурталчилгааныхаа индэр болгон ашиглахыг олон удаа оролдсон юм. Ял сонсохын өмнөх хугацааг тэрээр ганц хүний хорих өрөөнд өнгөрөөсөн. Гэхдээ хорих өрөө гэдэг үг тохирмооргүй, телевиз, компьютер бүхий гурван өрөө байр ажээ. Брейвик тогтмол шинэ сонин авч, бэлтгэлийн хэрэгсэл дээр спортоор хичээллэж байв. Либерал норвегууд хүртэл энэ нь дэндүү таатай нөхцөл гэж үзэж байв. Нэн ялангуяа хийсэн хэргийг нь авч үзэх аваас.

Гол нь нийгмээс тусгаарлах

Норвегийн “Aftenposten” сонин түүнийг ялласны дараа интернэт сайтаараа олон нийтийн асуулга явуулав. Олонх норвегчууд “Сэтгэл амарлаа”, “сэтгэл ханамжтай байна” гэж хариулжээ. Зарим нь “ингэх л байсан юм” гэсэн товч тодорхой хариулт өгчээ. Норвеги тэр чигдээ Брейвикийн царайг телевизийн дэлгэцнээс харсаар байгаад залхсан гэмээр. Хохирогчид болон тэдний хамаатан садны өмгөөлөгч Метте Ларсен “Түүнийг хэзээ ч дахин харахгүй болсондоо хохирогчдын хамаатан садан баяртай байгаа” гэжээ. “Мэдрэлийн хаалттай эмнэлэгт эсвэл шоронд байх нь надад чухал биш. Хамгийн гол нь түүнийг нийгмээс тусгаарлаж, хэзээ ч эрх чөлөөтэй болгохгүй байх нь чухал” гэж хохирогч Вегард Веннесланд ярьж байна.

Иймэрхүү хэргээр цээрлүүлэх шударга цээрлэл Норвегид байхгүй

“Брейвикийн ял нь Норвегийн ний­тийн айдаст төгс­гөл тавилаа” хэмээн evangelisch.de. портал­даа шашин суд­лалын профессор Штефани Дитрих (Stephanie Dietrich) бичжээ. Дитрих өөрөө Германы хүн бөгөөд Норвегид олон жил амьдарч байна. “Хийсэн гэмт хэрэгтээ дуслын төдий ч харамсахгүй байгаа алуурчин шударга шүүхээр шүүгдсэний баталгаа нь Норвегийн хууль эрх зүйн систем боллоо” гэж Дитрих үзэж байна. Штефани Дитрих цааш нь бичихдээ: “Гэхдээ үүнтэй холбогдуулахад Норвегийн шүүхийн систем нь Брейвикт хийсэн хэрэгтэй нь дүйцэхээр ял тогтоох чадваргүй. Шоронд хичнээн олон жилээр хорилоо гээд түүний хийсэн хэрэгт тохирох шийтгэл гэмшлийг нь өгч чадахгүй” гэж онцолжээ. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж